Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Хөгжлийг хүлээхүй



By  Khulan Jugder     8:42 AM    Labels:,,,,,,,,,, 
Түүхийн он цагийн нэгэн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ухуулах хэрэгсэл гэж үзээд улс төрийн зорилгоор ашиглахыг эрмэлзэж байлаа. Харин чөлөөт нийгэмд хэвлэл, мэдээллийн байгууллага зах зээлийн жамаар ажиллах болж, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хувьд “media industry гэсэн тодотголтой, арилжааны байгууллага болж хөгжсөн. Тиймээс уг бизнесийг үр ашигтай байлгахын зэрэгцээ бусад үйлдвэрлэлээс ялгарах гол шинж болох олон нийтийн эрх ашигт үйлчилдэгийг мартаж болохгүй.

Энэ ч утгаараа медиа үйлдвэрлэлийн гол нэгж телевизийн салбарын тогтвортой хөгжлийн тухай хэлэлцэхээр өнгөрсөн долоо хоногт монголын телевизийн уран бүтээлчид чуулсан юм. 
Гэрэл зургийг: Б.Ганбаяр
Хөгжлийн чиг
Чуулганы эхэнд “Максима” компаниас өнгөрсөн оны байдлаарх Монголын телевиз үзэгчдийн судалгааг танилцуулахад хамгийн олон үзэгчтэй сувгийг ялгах боломж байсангүй. Учир нь, оргил цагаар үзэгчдийн дийлэнх нь аль нэг сувагт төвлөрөхөөс илүүтэй 5-10 сувгийн хооронд шилжих хандлагатай байжээ. Нэг ёсондоо үзэгч оройн турш телевизораа нэг сувагт тохируулах биш, контентоос хамааран хөтөлбөрөөс хөтөлбөрт байнгын шилжилт хийх болсон байна.

Тэгвэл энэ явцдаа монголчуудын шимтэн үздэг хөтөлбөрөөр олон ангит кино, теле зохиомж болон энтертейнмэнт хөтөлбөрүүд шалгараад байна. Ялангуяа, хамгийн өндөр рейтингтэй кинонууд бүгд солонгос цувралуууд бөгөөд “Боловсрол” ТВ-ийн “Гурван найз” л монгол контентыг төлөөлж байна. Гэхдээ энэ нь өмнөх жилүүдийн нэг ч монгол контентгүй жагсаалтыг бодвол энэ нь амжилт гэдгийг дурдах нь зүйтэй. Харин үзэгчдийн дуртай хөтөлбөрийг бүтцээр нь аваад үзвэл бидний хувьд телевиз нь мэдээллийн хэрэгслээс илүүтэй зугаацуулах хэрэгсэл болсон нь анзаарагдана.

Энэ ч утгаараа бид шуурхай мэдээ эрж телевиз үзэх нь багасч нөхөж, ухраж үзэх хэлбэрт аажмаар шилжиж буйг нэг жилийн дотор найман хувиар буурсан үзүүлэлтээс харж болно. Бид “Юу үзэх үү?” гэж мэдээллийг хайх биш, удирдлага атгасан үзэгчид хэрхэн хүрэх нь л чухал “Мэдээлэл биднийг хайна” гэсэн хэлц биеллээ олж байна. Түүнчлэн “Unitel компанийн мэдээлснээр гар утас хэрэглэгчдийн тал хувь нь ухаалаг утастай болж, интернэт хэрэглээ хурдацтай өсч байна. Тэр дундаа интернэтээр видео үзэх хандлага давамгайлж байгаа нь цаашид телевизийн контентыг заавал цэнхэр дэлгэцээр биш бүх төрлийн төхөөрөмжөөс үздэг болохын эхлэл юм.

Ялангуяа, таблетаар тоглож, YouTube-ээс хүүхэлдэйн кино үзэж өсч буй жаалууд ирээдүйд тэр л дадлаараа мэдээлэл авах нь гарцаагүй. Одоо ч гаднын орнуудад нийтийн тээврээр зорчиход ipad дээрээ америк сериал тоглуулсан залуусын төрх хэдийнэ хэвшмэл болжээ.

Бизнес VS Улс төр

Хөгжлийн чигийг тодорхойлсны дараа чуулганы хэлэлцүүлэгт оролцсон “NTV” телевизийн захирал Ц.Энхбат монгол дахь телевизийн салбарыг санхүүгийн хувьд унаж яваа ч, ус шүүрүүлэн урагшилж буй усан онгоцтой зүйрлэв. Зах зээлийн эрүүл өрсөлдөөнгүй энэ орчинд арилжааны телевизүүд сурталчилгааны орлогоор зардлаа нөхөж “амьдрах” нь бараг боломжгүй гэж тэрбээр дүгнэлээ. Үүнийг “Монгол Масс Медиа” группын захирал А.Амундра улс төрчид нэр хүнд, эрх мэдэлд хүрэх замаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “засахын” тулд ашиггүй ажиллаж байгаа телевизийг ч “хүчээр” тэжээж байгаатай холбон тайлбарлав. Энэ тухайд нэмэн тэмдэглэхэд, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооноос манай улсын зах зээлд одоогийн 100 гаруй телевизийн суваг шударгаар өрсөлдөж үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй тул цэгцлэх зөвлөмж гаргаад хэдэн жил өнгөрч байна. Харамсалтай нь, уран бүтээлийн энэ салбарт ажиллаад цөөнгүй жил болсон ч ямар ч өөрчлөлт гараагүйг А.Амундра өгүүлж байв.

Өрсөлдөөн шударга биш тул телевизийн орлогын гол хэсгийг бүрдүүлэгч рекламны орлогоор ашиг олох нь хүндрэлтэй байгаад телевизийн удирдлагууд санал нэгдэж байна. Харин “Максима”-гийн судалгаанаас өндөр хандалттай дотоодын контентуудад илүү үнэтэй рекламтай авч орлогоо нэмэгдүүлэхийг санал болгосон ч, монгол контент, тухайлбал телевизийн сериал бүтээх зардал нь солонгос кино худалдаж авахаас даруй тав дахин их байгаа нь эрсдэлтэй сонсогдож байлаа. Гэхдээ энд боломж огт байхгүй биш, төрөөс дотоодын контент бүтээгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх замаар бодлогын хүрээнд дэмжих бололцоотойг “Глоб Интернейшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал онцолсон юм.

Бизнесийн өрсөлдөөнд саад болж буй өөр нэг асуудал нь оюуны өмчийн тухайд байлаа. Телевизүүд үзэгчдийг татах чанартай контент гаргахын тулд гадаадын кино, шоу хөтөлбөрүүдийг албан ёсны эрхтэйгээр, өндөр үнээр худалдан авсан ч, зарим нь үүнийг үл хайхран хууль бус контент нэвтрүүлэх, онлайн орчинд шууд байршуулах тохиолдол бий. Харин энэ талаар “Монголын телевизүүдийн чуулган”-д хүрэлцэн ирсэн Оюуны өмчийн газрын удирдлагаад зах зээлд хэн нь шударга “тоглож”, хэн нь хууль зөрчиж байгааг ил хэлэхээс татгалзсан нь энэ байдлыг шийдвэрлэж чадах эсэхэд нь эргэлзээ төрүүлж байлаа.

Тиймээс телевизүүд санхүүгийн байдлаа ил тод тайлагнаж, төрөөс хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл нэвтрүүлэхдээ нээлттэй тендер зохион байгуулах маягаар шалгаруулах зарчмыг зарим телевизийн удирдлага санал болгосон юм.   

Хариуцлага ба Ёс зүй
Телевиз бусдаас ялгаагүй бизнесийн салбар бөгөөд түүнийг ашигтай ажиллуулах нь хамгийн чухал гэдгийг хэн хүнгүй мэдэх болсон ч, ердийн цамцны үйлдвэрээс ялгаатай нь телевиз олон нийтийн эрх ашигт үйлчилж, тэдний өмнө хариуцлага хүлээдэг. Тиймдээ ч айл бүрийн хойморт урилгагүй “залрахдаа”, тэдний шүүмжлэлд үргэлж өртөж байдаг. Сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой энэ асуудал хэзээнээс л адармаатай өрнөдөг нь, чуулганы үеэр ч хэвээр байлаа. Юун түрүүнд, хэдхэн хоногийн өмнө Монголын хэвлэлийн зөвлөл байгуулагдаж сэтгүүл зүйн салбарынхан ёс зүйн асуудалдаа өөрөө өөртөө хяналт тавих бололцоотой болсныг хэн хүнгүй талархан сайшааж байв. Түүнчлэн редакциуд гаднын мэдээллийн байгууллагуудын жишгээр ёс зүйн дотоод дүрэм, өдөр тутамд тулгардаг бэрхшээлийг зохицуулах гарын авлагатай болох нь зүйтэйд санал нэгдсэн юм. 

Харин сэтгүүлч ёс зүйн алдаа гаргахад нөлөөлдөг хамгийн том хүчин зүйлээр хэвлэл, мэдээллийн байгууллагын хөрөнгө оруулагчид буюу эзэд гэсэн бодлоо цөөнгүй хүн илэрхийлснийг Хэвлэлийн хүрээлэнгийн судлаач Ц.Чимиддондог судалгааны дүнгээр баталгаажуулав. Түүний хэлснээр судалгаанд оролцсон сэтгүүлчдийн 90% нь редакцийн хараа хяналтаас үүдэлтэйгээр ёс зүйн зөрчил гаргадаг гэсэн байна. Үүнийг “Монгол HD” телевизийн продьюссер Э.Лхагва улс төрчид, бизнес эрхлэгчид хэвлэл, мэдээллийн салбарт орж ирсэнтэй холбоод “тэд ёс зүйн талаар ойлголттой болж, сэтгүүл зүйн дүрмээр “тоглох” шаардлагатай” гэж байлаа.  

Мөн “Глоб Интернейшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал сэтгүүлчид өөрт ирж байгаа аливаа шахалт, ёс зүйн зөрчилл гаргахад хүргэж буй шаардлагыг сөрөх дархлаатай байх ёстойг тэмдэглэв. Цаашлаад “Сэтгүүлч алдаа гаргахад зөвхөн эзний өмнө биш олон нийтийн өмнө хариуцлага хүлээдгийг ухамсарлах хэрэгтэй”-г санууллаа.

Хөгжиж буй орны хувьд хамгийн сонирхолтой цаг үе тохиож байгааг чуулганд ирсэн гаднын төлөөлөгчид дурьдаж байлаа. Контент нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх Их Британийн “Bomanbridge” компанийн төлөөлөгч Сониа Флэк манай үзэгчдийн насны хувьд маш залуу, эрч хүчтэй байдал нь олон янзын контент бүхий хөтөлбөрийн бүтцэд тохирно гээд баримтат кино, баримтат цэнгээнт нэвтрүүлгүүд түлхүү хийхийг санал болгов. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд гарах гэсэн монголчуудын сонирхлыг ч дэмжиж буйгаа илэрхийлсэн.

            
Харин нэгэнт хааш чиглэхээ тодорхойлсон монголын телевизийн салбарын хувьд санхүүгийн хувьд тогтворжих, бизнесийн орчинг эрүүлжүүлэх зайлшгүй шаардлага эн тэргүүнд бий. Өдрийн турш үргэлжилсэн “Монголын телевизийн форум”-д энэ бүхнийг тодорхойлж, “тогоон дотроо” халуухан хэлэлцсэн ч үр дүн, шийдвэр хэрхэн гарахыг харах л үлдлээ. “Монгол HD” телевизийн продьюссер Э.Лхагва олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдээс өмнөх жилийн хэлэлцүүлэгт “Телевизүүдэд тулгарч байгаа бэрхшээлийг бид ойлголоо” гэснийх нь хариуг хэдэнтээ асуусан ч тодорхой зүйл сонссонгүй. Харин “Монгол Масс Медиа” группын захирал А.Амундра хэвлэл, мэдээллийн салбар зөв голдрилдоо орохыг хүлээсээр л ирсэн тул, цаашид ч хүлээхээс өөр замгүй гэсэнд танхимд цугласан хүмүүс чимээгүй сууснаа хэсэг инээлдэв. 

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

No comments:

Post a Comment