Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Урвуу хамаарал



By  Khulan Jugder     8:25 AM    Labels:,,,, 
Даваа гаригт нийтэлсэн The Overseas Development Institute байгууллагын судалгааны дүнд монгол хүүхдүүдийн 95% нь дунд сургуульд хамрагдаж байгаа нь өндөр хөгжилтэй, чинээлэг орнууд ч атаархам үзүүлэлт болохыг дурьджээ. Бичиг, соёлын арвин уламжлалтай бид өнгөрсөн зуунд ч хүн амын дунд боловсрол эзэмшсэн үзүүлэлтээр нүүр улайхааргүй явж ирсэн. Нийгмийн шилжилтийн үе тохиож их сургуульд таван хүн тутмын нэг нь элсч байсан боловч энэ үзүүлэлт хорин жилийн дотор гурван хүн тутмын нэг нь болон ахижээ. Хүйсийн хувьд мөн хол зөрүүгүй бөгөөд хэдийнээс боловсролыг эрхэмд тавьж ирсэн монголчууд хүүхдээ сургахад бүхнээ зориулахад бэлэн гэдгийг дээрх судлаачид онцолсон байв.

Харин бүрэн дунд боловсролын хүртээмж өндрийн хэрээр сургалтын чанарын асуудал хөндөгдөх нь гарцаагүй. Гэвч дунд сургууль төгсөгчид ямархуу амжилттай байгааг бид өнгөрсөн оны Элсэлтийн ерөнхий шалгалтаас илэрхий харав. Математик, физик, хими гэгчлэн шинжлэх ухааны суурь болсон хичээлүүдээс наана эх хэлний шалгалтдаа тэд нийтээрээ бүдэрсэн нь хаа, хаанаа дохио болсон билээ. Гэхдээ учрыг сурагчдаас эрэхээс урьтаад сургалтын явцыг шинжлэх нь зүйтэй санагдав. Тухайлбал, тестийн шалгалтыг голчлон баримталдаг нь хэр оновчтой вэ?
Олон хүн дунд сургуульд байхдаа багшийн хэлсэн “А”-г тэр чигээр нь цээжлээд, эргээд “А”-гийн тухай л ярьж шалгуулдгаа шүүмжлэн өгүүлдэг. Тиймээс л бидэнд бүхнийг даруй цээжилж тогтоодог, дөрвөн хариултаас нэгийг нь шуудхан таньж хариулдаг дадал төлөвшсөн байж мэднэ. Жишээ нь, гаднын шилдэг сургуульд очиход багшийн асуусан аливаа онол, эрдэмтдийн талаар би бүгдийг мэдэж торохгүй ярилцаж байсан ч, хэлэлцүүлэг үүсгэх, асуудал хөндөж эсээ бичих болоход ангийнхнаасаа эрхгүй хоцорч байсан юм. Энэ үед л, нэгэнт батлагдсан онол, шинжлэх ухааны ойлголт хаана ч хувирахгүй бөгөөд тэр мэдлэгийн түвшингээр монгол сурагчид хэнээс ч дутахгүй юм байна, харин түүнийг задлан шинжлэх, цааш чөлөөтэй сэтгэх чадварыг зайлшгүй суулгах шаардлагатайг бодож байв.

Сэтгэх чадварын хүрээг тэлэхэд үзсэн, харсан бүхэн гээд олж авч буй мэдээлэл хамгийн чухал үүрэгтэй. Бидний яриад байдаг материаллаг баазыг нэмэгдүүлэх, багшийг тогтмол сургалтад хамруулахын үр дүн түүгээр илрэх нь гарцаагүй. Хөгжиж буй орны тухайд энэ үүргийг Засгийн Газар зайлшгүй хүлээдэг бөгөөд сургалтын чанарт үргэлж хяналт тавьж, түүнтэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод, тогтмол хүргэж байдаг. Тэгтэл манайд чанарын үзүүэлэлт, зэрэглэлийг албан ёсны эх сурвалжаас гаргадаггүй бөгөөд нээлттэй мэдээлэлд тулгуурлан дунд сургуулиудын чансааг гаргасан хөндлөнгийн байгууллагыг шүүхдэж байсан “туршлага” бий.

Чанарыг тэгшитгэхэд анхаарах ёстой бас нэг үзүүлэлт нь орлогын ялгаатай байдлаас үүдэлтэй. Нийтлэлийн эхэнд дурьдсан судалгаанаас харвал монголд чинээлэг айлын хүүхдүүд сургалтад хамрагдах нь орлого багатай өрхийн хүүхдээс 30 хувь илүү байна. Ялангуяа, сүүлийн жилүүдэд олон улсын шалгалтад өндөр амжилт гаргах болсон сурагчдын дийлэнх нь хувийн сургуулийн төгсөгч бөгөөд ЭЕШ-д хийсэн шинжилгээгээр шилдэг 10 сургуулийн нэг нь л улсын өмчийн буюу төлбөргүй сургууль байгаа юм. Энэ байдал хэвээр үргэлжилбэл мөнгөнд л дулдуйддаг, дундаж орлоготой бол тааруу боловсрол эзэмшдэг жишиг хөдөлшгүй тогтох аюултай. Тиймээс Европын эрдэмтэд хөгжингүй орны удирдлагуудыг боловсролын байгууллагын төлбөрт хяналт тавих, үнэгүй олгох боловсролын зардал, чанарын харьцааг зөв барихад анхаарахыг санал болгожээ.

Сургуульд өнгөрүүлсэн өдрүүдээр ирээдүйг нь “тольддог” бидний уламжлалд боловсролын асуудал хамгийн их хамаатай. Сургууль, цэцэрлэг барьж, багш нарыг дэмжих зэргээр жил ирэх тусам хүртээмжтэй болж буй манай боловсролын салбарт одоо агуулгын шинэчлэл хэрэгтэй байна. Тэгвэл Элсэлтийн шалгалтын бүртгэл дөхөж, тэр сэдвээр л амьсгалж буй төгсөх ангийн сурагчдын хонх энэ хавар дахин дохио болон дуугарах уу, эсвэл баяр дагуулан жингэнэх үү гэдгийг нэг улирлын дараа бид харах нь. 

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

No comments:

Post a Comment