Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

“Монгол толгойг” гадаадад цэнэглэе



By  Khulan Jugder     5:02 PM    Labels:,,, 
“Гадаадад суралцсан оюутан монголдоо ирээд асуудал тулгарбал өөрчлөлт хийх хэрэгтэйг баттай ойлгосон байдаг. Мөн хууль, дүрмийг дээдэлсэн улс оронд суралцаж, амьдрахаар аливааг түүний дагуу, зөв хийх нь чухал гэдгийг мэддэг” хэмээн “Нээлттэй хаалга” сангийн боловсролын зөвлөх Н.Ариунаа ярьж байна. Үүнийг “Oxfam олон улсын хөгжлийн байгууллагаас “Өндөр хөгжилтэй оронд суралцсан иргэн асуудлыг бид өөрчилж чадна гэсэн итгэлтэй болдог” гэж томъёолжээ.

Эдийн засаг, технологийн хөгжил гээд олон талын үзүүлэлтээр тэргүүлж буй орнуудын эхний алхам нь залуусаа гадаадад илгээх байсныг бид олон жишээнээс харж болно. БНСУ л гэхэд дайны дараа дэлхийн хамгийн ядуу орнуудын нэгд тооцогдож байсан ч, оюутнуудыг гадаад оронд илгээж мэдлэг, туршлага хуримтлуулах замаар өдгөө донор орон болсныг бид илхэн харж байна. Мөн Хятадад гадаад боловсрол эзэмшсэн хүнийг “haigui гэж нэрлэх бөгөөд тэдний хийж, бүтээсэн нь хурдацтай хөгжлийнх нь нууц гэж болно. 
Тэгвэл Монголчууд бид ч ялгаагүй сүүлийн үед хөгжлийн тухайд хамгийн их ярих болов. Биднийг “Оюутолгой”, “Таван толгой” биш “Монгол толгой” хөгжүүлнэ гэж бараг хэлц ч үүслээ. Гэсэн ч дааж, дийлшгүй их баялагтай хэрнээ түүнээ “чулуу” болгох дутуу ухаанаа бид авдраасаа эрээд лавтай олохгүй нь. Сонинд нийтлэгдэх барилгын ажилтан, харуул, хамгаалагч, зөөгч авна гэх зарлал үеэ өнгөрөөж “LinkedIn цахим сүлжээнд “Career Consulting, “Mongolia Talent Network” зэрэг ажилтан зуучлах компанийн удирдах албан тушаалын зарлал эрийж байдаг болов. Уг нь хувьсгалын дараач үеэс л гэхэд манай улс Герман, Франц, Орос руу залуусаа илгээснээр Б.Ширэндэв, Л.Ванган, Д.Бямбасүрэн нарын сэхээтний бүлэгтэй болж бүтээлийг нь одоо түүх болгон ярьж байна. Харин ардчилал гэх гайхамшигтай золгохдоо “хөл алдсан” бидний бодлого өнөөдөр хаахна явна вэ?

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны цахим хуудаст “Гадаадад суралцах” гэсэн хэсэг рүү орвол Турк, Украйн, БНСУ, Македонийн гэхчлэн тэтгэлэгт хөтөлбөрийн зарлал хэдэн хуудас дамнан урсч байна. Өнгөрсөн жилийн тайландаа дурьдсанчлан 11 улстай гэрээлж, оюутан суралцуулах болсны илрэл энэ бололтой. Харин аль тэтгэлэгт, хэдэн хүн хамрагдсан нь тодорхойгүй бөгөөд Хил хамгаалах ерөнхий газрын мэдээгээр жилд 24 мянга гаруй иргэн гадаадад суралцахаар Монгол Улсын хилээр гардаг аж. Энэ бол МУИС-ийн бүх оюутантай дүйх тоо. “Харийн оронд эрдэм сурахаар явна гэдэг чин эрмэлзэл, том зорилго шаарддаг. Эх орноо гаднаас нь харж, бидэнд юу хэрэгтэйг олж харах нь хамгийн чухал. Тэгж чадахгүй бол явсны үр дүн байхгүй” гэдгийг Японы Кочи их сургуулийн оюутан Б.Тэлмэн хэллээ.

Мөн гадаад гэсэн чамирхалд автаад хаашаа ч хамаагүй явчихаж болохгүй. Энэ бол тархиа цэнэглэх хэрэгцээ болохоос шилэн цонхтой дэлгүүр хэсч, өөрийгөө гоёх гангараа биш. Тиймээс “Очоод тухайн улсынхаа хэв маяг, соёлд давхар суралцах болдог тул сэтгэлийн хөдөлгөөнөөр сонголт хийвэл санхүүгийн болон бусад эрсдэлд орж мэднэ” гэж Филиппинд суралцаад ирсэн Х.Болорбат санууллаа. Угаас гадаадад суралцах гэдэг нь өөр оронд зөвхөн ном үзэхийг хэлэх биш өөр нийгэмд амьдарч суралцахыг хэлнэ хэмээн Осакагийн их сургуулийн эрдэмтэн Сисон Чень тайлбарласан нь бий. Ялангуяа, хөгжлийн туршлага судлах гэсэн бидний хувьд өрсөлдөөн ихтэй, тэргүүлэгч хотуудыг зорих нь чухал. Тэнд “global citizen буюу даяар иргэн болсон хүн дэлхийн хаана ч амьдрах чадварыг олж авсан байдаг. Тэд автобусанд зорчихдоо ч арьс өнгө, шашин шүтлэгээр биенээ ялгаварлахгүй гэх зурагт хуудас харж магад дэлхий дахины асуудалд зовниж, шийдвэрлэх явцад нь оролцож байдаг тул асуудлыг харахдаа өргөнөөр сэтгэж дадна.   

Байрны түрээс, нийтийн тээвэртээ сард хоёр сая шахам төгрөг зарцуулдаг Лондонд л гэхэд хүн бүр “амь гарах”-аар хөдөлмөрлөж, урдаа байгаагаа хамгийн сайнаар хийхээр эрмэлздэг. Тиймээс “Биг-Бен”-ий цагийн дохиог маргааш гудамжинд биш гэрээсээ сонсъё гэж бодвол гүйхээс аргагүй. Мөн даяаршлын нөлөөгөөр томоохон хотуудад дэлхийн өнцөг, булан бүрээс үй олон хүн ирж суурьшсанаар “diverse буюу олон талт байдлаараа Нью-Йорк дэлхийд тэргүүлж, Лондон удаалж байна. Тиймдээ ч дээрх хотуудад хүмүүс өдөр тутам 200 орчим хэлээр ярилцаж нийгмийн амьдралд оролцдог гэх. Энэ зуурт Монголчууд бид хэзээнээс гадны соёлд уусах вий гэсэн айдастай байдаг ч, эсрэгээр даяар орчинд алхах тусам, би хаанаас ирсэн, би хэн бэ гэсэн монгол мөн чанараа улам илүү эргэж хайдаг юм байна. Энэ нь гадаад бодлого гээд шүхэр бариад борооноос өөрсдийгөө хааж “хамгаалах” биш, “бороонд хуурай үлдсэн салхины дотоод тал” болох, соёл хоорондоо нэвчих болсон “хавтгай” дэлхийд монголоороо үлдэхэд суралцахын эхлэл болж мэднэ.

Гадны сургуулиудын чанар, боловсролын системийн шинэлэг байдлын талаар интернэтээс харахад л тодорхой болсон. Их, дээд сургуулийн эрэмбээр МУИС дэлхийд эхний 1000-д ч багтаагүй бол энэ жагсаалтын шилдэг 50-д АНУ, Их Британийн их сургууль голлох байртай байв. Харин сүүлийн жилүүдэд Хонг Конг, Сингапурын сургалтын чанар эрс сайжирч, жагсаалтын эрэмбийг өөрчилж байна. Ер нь Азийн орнууд боловсролын салбарт ирэх жилүүдэд тэргүүлэх хандлагатай байгааг “Newsweek онцолсон байсан. Энэ нь газар зүйн хувьд ойр бөгөөд Европтой харьцуулахад өртөг багатай эдгээр оронд суралцаж, сайн боловсрол олж авах боломжийг бидэнд олгох давуу талтай.  

Түүнчлэн “Нээлттэй хаалга” санд хандагсдын дийлэнх нь “Гадаадад удах сонирхол багатай, суралцахын хажуугаар бие даан амьдрах чадвартай болоод ирэх хандлагатай болсон”-ыг Н.Ариунаа хэлсэн. Харин тэднийг эргээд ирэхэд ажиллах таатай орчин бүрдүүлэх, чадварыг нь шударгаар үнэлэх нь хамгийн чухал. Жилд 30 сая төгрөгтэй тэнцэх үнээр суралцсан хэрнээ эргээд Монголдоо сард нэг сая төгрөгийн цалинтай амьдрах нь даанч гомдолтой. Гэхдээ “Улиг болтол яриад л байдаг утаа униар, хот хөдөөгийн хөгжлийн ялгаа гээд энэ бүгдийг шийдэх чин эрмэлзэлтэй залуус эх оронд маань хэрэгтэй. Удахгүй очоод ханцуй шамлана” гэх Б.Тэлмэнгийн үг дэврүүн хэдий ч талархалтай сонсогдоно.  

Гадаадад дөрвөн жил суралцах нь хувь хүнд цаг хугацаа, санхүүгийн хувьд бэрхшээлтэй, улс орны хувьд ч үр дүнг нь тооцоход амаргүй бол солилцооны хөтөлбөрийг санаачлахад болохгүй гэх зүйлгүй. Манайд л хичээлээ дийлэхээ больсон залуус нийтлэг авдаг “жилийн чөлөө” нь АНУ, Европын оронд “Gap year гэж хэдийнэ хэвшсэн ойлголт билээ. Оюутнууд нэг жил өөр оронд сайн дурын ажил хийх, аялах, мэргэжлээрээ, эсвэл сонирхлоороо ажиллах зэргээр сургууль төгсөөд хэн болох вэ гэдэг асуултыг өөртөө тавьж, түүндээ бэлтгэдэг. Ингээд эргээд сургуульдаа орох, тэтгэлэгт хамрагдахад жилийн чөлөөний туршид юу хийсэн нь маш том үзүүлэлт болдог. Тэгэхээр бидний хувьд залуусын орон гэж насны тоонд эрдэхээс илүүтэй хүний нөөцийн энэ боломжоо ашиглаж, тэднийг ямар нэг хөтөлбөрөөр гадагш илгээж “цэнэглэх” хэрэгтэй. Дараа нь тэд эргэж ирсэн цагт л “монгол толгой” Монголыг хөгжүүлнэ.


“ГЭРЭГ” сэтгүүл

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

No comments:

Post a Comment