Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Бурановские Бабушки



By  Khulan Jugder     7:52 AM    Labels:,, 


      Бямба гаригийн үдэш Азербайжаны нийслэл Баку хотноо болсон "Евровидиние"-2012 наадамд Шведийн дуучин Лорин "Euphoria" 372 оноогоор тэргүүлсэн тухай хэвлэлийн хуудас бүрээс үзэж болно. 
     Харин үүнээс илүү сонирхол татсан уран бүтээлч нь тус наадмын дэд байрт шалгарсан ОХУ-ын "Бурановские Бабушки" хамтлаг байлаа. Өдгөө 70 гарсан зургаан эмэгтэй, мөн 50 нас шүргэж буй хоёр арай "залуу" гишүүнтэй тус хамтлаг ОХУ-ын бүрэлдэхүүн Удмуртия улсаас гаралтай аж. Хэдэн жилийн өмнөөс алдарт "Yesterday", "Let It Be", "Hotel California" зэрэг бүтээлийг удмурт хэлээрээ дуулснаар олонд танигдаж эхэлжээ. Түүнчлэн 2010 онд "Евровидиние"-д ОХУ-ыг төлөөлж оролцохоор эх орондоо өрсөлдсөн ч III байр эзэлсэн амжилттайгаар тайзаа орхисон байна. Харин энэ онд тэмцээнд дахин оролцож Дима Билан, Юлия Волкова /"Тату" хамтлагийн гишүүн/ нарыг ардаа орхин Европын 42 орны уран бүтээлчтэй өрсөлдөх эрхээ авчээ.
    Эл шагналаа гардсан мөчөөс эхлэн "тосгоны эмээ" нарын амьдралын хэмнэл тэс өөр болжээ. "Евровидиние"-гийн тайзнаа үзүүлэх тэдний номерт орос орон даяар санаа тавьж, Москвагийн урлагийн сургуулийн багш нар өдөр бүр 2 цагийн дууны хичээл зааж эхлэв. Мөн тайзан дээр биеэ хэрхэн авч явах, бүжиглэх эвслийг нь нэмэгдүүлэх гээд олон ажил ундарчээ. Түүнчлэн Европын наадмын тайзнаа зөвхөн дуулж, хуурдаад зогсохгүй Оросын уламжлалт, соёлыг таниулах нь тэдний гол зорилго байв. 

    Хэдий том алхахаар зэхэж буй ч тэд тэд Буруновын эмэгтэйчүүд хэвээр байсан юм. Бэлтгэлээ тараад фермдээ ажиллаж, басхүү гэрийн эзэгтэй нар болно. "Бид тосгоны эмэгтэйчүүд гэхэд ер бусын хүмүүс шүү. Уран бүтээл туурвина. Бас ямаа хариулж, өндөг хураана" хэмээн хамтлагийн гишүүн Галина Конев бахархалтайгаар өгүүлж байв. 
   Тэдний хамгийн үнэнч шүтэн бишрэгчид нь мэдээж тосгоны ахан дүүс нь. Бакуг зориод  ялалтын "туг"-тай ирнэ гэдэгт нь эргэлзэлгүй хүлээж байжээ. Харамсалтай нь, "Буруновские Бабушки" нар тэргүүн байрын цом гардаж чадсангүй. Гэхдээ дэд байр эзэлж, дэлхий дахины анхаарлыг нэгэн өвөрмөц өнгө төрхөөр татаж чадлаа. Түүнчлэн цаашид уран бүтээлээс олох аливаа орлогоо төрөлх суурин Бурановодоо шинэ сүм байгуулахад хуримтлуулна гэдгээ мэдэгдсэн нь тэдний төлөөх уухайд улам илүү хүч нэмсэн юм. 

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

2 comments:

  1. Ямар хөөрхөн юм бэ хэхэ.... Залуу хүн тэгэхээр зүгээр сууж болохгүйнээ хэхэ

    ReplyDelete
  2. Харин тийм. Хөгжилтэй эмээ нар. :P

    ReplyDelete