Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Дурсамжид хөтлөх аялгуу



By  Khulan Jugder     7:57 AM    Labels:, 

     “Гэрэл зураг түүх өгүүлнэ” гэдэг. Тэгвэл дуу дурсамж сэдрээдэг гэмээр. Баяртай, гунигтай эсвэл эгэл өдрүүдэд сонсч өнгөрүүлсэн дуунууд эргээд бодоход тэр цаг хугацааг нүдэнд харуулж, бодолд ургуулдаг. Басхүү өнгөрсөн, мартсан сайхан цаг хугацаагаар дахиад аялуулна. Хүүхэд насанд хүргэдэг галт тэрэг адил дурсамжид хөтөлдөг аялгуу надад олон бий. Улам ч олон болно байх. Тухайн дууны утга ямар ч байсан, түүнийг сонссон мөчид сэтгэл хэрхэн хөдөлсөн нь л дуу болон сэтгэлд үлддэг юм уу.

“Наран жаргалаа
Наран жаргах нь мандах шигээ зуурхан ч сэтгэлд үлдэх нь алт элэгдэх шиг удаан” 
Д.Урианхай

The Connells – 74’ 75

Минийх. Зөвхөн минийх.
     Надад баяр баясал болон сайхан мэдрэмжүүд төрүүлдэг бүхэн. Би сонсоод, үзээд, дуулаад, уншаад, хөгжимдөөд, алхаад, баясдаг байсан бүх зүйлс. Нэг л өдөр минийх гэх бүхнийг хэн нэгэн хамтдаа хуваалцах. Бүр ч сайхан. Хамтдаа. Бүгдийг. Тийм сайхан. Гэхдээ нэг л өдөр минийх гэх бүхэн эргээд байрандаа орж, миний гэх тэр ертөнцийн үүдийг гаднаас нь хэн нэгэн хаах. Урьдын адил бүх сайхан яг хэвээр үлдэв. Гэхдээ дээрх шиг тийм сайхан байж чадахгүй. Сонсоод, үзээд, дуулаад, хөгжимдөөд, алхаад л... Бодолд эргэлдэнэ. Дурсамж хөвөрнө.

Duffy – Too Hurt to Dance

      Мартах хэрэгтэй юу? гэж хааяа бодовч, тархин дахь тийм тод зураасыг яахан баллуурдаж болох билээ. Зүгээр л, бидний амьдрал олон янзын зурагтай, зузаан гэгч зургийн дэвтэр юм уу даа. Эхний хуудас, дараачийн хуудас... Зураад л, зураад л... Тэр хуудас дуусахад шинэ хуудас эхэлсэн. Энэ хуудас дууслаа, дахиад л шинээр эхэлнэ. Замбараагүй, хамаа намаагүй зураад л бид хуудсаа дүүргээд дуусгачихдаг юм шиг. Харин чин сэтгэлээсээ зурахад нэг цэг ч илүү харагдаад, хичнээн нямбай, хэдий гамтай зурах бол. Тийм итгэлээр дахиад нэг хуудас эхлүүлнэ. Өмнөх хуудсууд дэвтэртээ үлдэх нь мэдээж. Урж, тасдаад хэрэггүй. Гэхдээ бас эргүүлж харах шаардлагагүй.

Florence and the Machine – Never Let Me Go

      Бусдад үнэн сэтгэлээсээ хандаж чадахгүй бол, бусдаас ч тийм дулаан илч хүлээгээд хэрэггүй мэт. Гэхдээ бас урьтаад өөрийнхөө үнэнд итгэх. Дотор орших зүрх, гадна орших тархи нэгэн сэтгэлийг мэдрэхэд түүнд үнэмшиж, чөлөөлөгдөх. 
Торон доторх зүрхэнд хүрэхэд хэцүүтэй адил, түүнээс гарч бусдад хүрэхэд ч амаргүй...

Lana Del Rey – Dark Paradise

“Цаг хугацаа бүгдийн тайлал”
      Хүмүүс урсах цагийн хурдныг гайхан “харвасан сум”-тай зүйрлэх нь бий. Гэвч өнгөрсөн бүгдийг бид ийн чамлаж болохгүй мэт. Тэр мөчүүд одоо бодоход хурдан санагдавч, миний түүх, миний баялаг, миний дурсамж. Өнгөрсөн бүхэнд л “би” оршиж, “би” бий болсон. Түүнийгээ үнэлэлгүй, тавьсан сумтай адилтгах нь даанч харамсалтай. Цаг хугацааны үнэ цэнийг улирч одох хурдын хэмжээсээс биш, үлдэж хоцорсон өөрөөсөө эрэх.

Sia – My Love

      Эцсийн цэгийн тухай. Хол байгаа ч найзын минь бичсэн зүйлс түүнд тайтгарал хэрэгтэйг харуулах мэт. Тэр эцсийн цэгт аз жаргал байгаад итгэж далайгаар аялан яваа, харамсалтай нь сэлүүрээ алдсан санагдах болж гэнэ. 
Гэвч эцсийн цэгт аз жаргал байдаг юм гэж үү? Мэдэхгүй. Харин түүнийг эрж хайж явах хором, мөчүүдэд л оршдог биш үү? Бидний ихэд тэмүүлэх, шуналт эмзэг сэтгэл түүнийг мэдэрч чаддаггүй юм болов уу? Ургаад цааш ер нь бидний хайгаад байгаа аз жаргал гэж юу юм бэ? 
Бичих явцдаа дөнгөж сая өөрөөсөө асуулаа. Дүүрэн сэтгэл гэсэн үг бууж байна. Хэнээр ч, юугаар ч үл дутах... Баяр, гуниг бүгд л хослог. Гэгээн, дүүрэн сэтгэл.

      The Lemons – Шөнө дунд цас орж байна


    Шөнө цас орох гоё. Цонхны дор, гудамжны гэрэлд цас хаялахыг харах нь өвлийн хамгийн үзэсгэлэнт мөч. Гэхдээ намрыг үдэж, бороон дусал тийн будрах нь бүр ч илүү. Гялалзаад л... 

Tracy Chapman - Let It Rain 

"...Нүдэн доторх тэнгэрээс чинь гэнэт бороо хаялж
Нүүрээр чинь дүүрэн хавар тодрох шиг болсон 
Даанч тэгэхэд намар болж байсан
Дагаад шивэрмээр тэр бороо чиний нулимс байсан..."
Л.Өлзийтөгс 

Yoshida Brothers - My Heart Holds 

"Урссан лаа шиг бөхгөр сар 
Уулын хэцэд зүүрмэглэжээ, Аморэ!
Үгийн дарс цээж дүүрлээ 
Үүдээ тайлаад шүлэг сонс оо
Үнсээд үхэхэд л жаргах, Аморэ!" 
Д.Урианхай 

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

2 comments:

  1. duu hugjim, uner 2 shuud l saihan dursamjuudiig umnu maani bosgood ireh shig haaya bur dund ni avaachchihdag ni zarimdaa ch saihan shu..
    urlag.s ali ni anhdagch ve gej nz maani sayhan asuuhad ni bi yamarch ergelzeegui "buuvein duu" gej hariulsan sanaand orloo duu hugjim l anhdagchdaa minii bodloor..

    ReplyDelete