Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Анатолияд нэгэн удаа



By  Khulan Jugder     3:53 AM    Labels:,,,,, 
     Найруулагч Нури Билгэ Жейланы шинэ уран бүтээл "Анатолияд нэгэн удаа" киног "Харгислалын театр" энэ сарын 31-нд толилуулна.
    Найруулагчийн нэгэн шинэхэн ярилцлагыг хүргэе.


НУРИ: АНАТОЛИЯД НЭГЭН УДАА

Нури Билгэ Жейлан бол өнөөгийн Туркийн төдийгүй Каннын кино ертөнцийн сэтгэл татам нэгэн дүр маргаангүй мөн билээ. Тэрбээр 1959 онд Истанбул хотод төрж Босфорын их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгсөн улмаар амьдралын хүсэлдээ хөтлөгдөн Лондон, Катмандуг зорьжээ. 


“Тосгон” /1997/, “Тавдугаар сарын гуниг” /1999/, “Алс” /2002/ зэрэг гурвалсан бүтээлдээ өөрийн хүүхэд насыг төрөл төрөгсөд, дотнын андуудынхаа дүрээр тэр “амилуулсан” юм. Түүнчлэн 2006 онд өөрийн амьдралын түүхийг эхнэртэйгээ хамтран “Цаг агаар” кинондоо үзүүлснээр Нури олон улсад нэр хүндээ тунхагласан. 


Түүний шинэ уран бүтээл “Анатолияд нэгэн удаа” нь Францын кино наадмаас “Grand Prix” хүртсэн бөгөөд энэ сард Их Британийн кино наадамд уг амжилтаа бататгах нь гарцаагүй. Сербийн баруун өмнөдөд Эмир Кустурицагийн “Кустэндорф” наадамд оролцож буй түүнтэй уулзсан минь гайхалтай хэрэг байлаа. Дрвенград тосгонд цайран харагдах сүрлэг уулсын нөмөрт нэрт найруулагч “алгуурхан бүтээлүүд”-ийнхээ тухай ийн ярьлаа. 

-Та кинондоо мэргэжлийн жүжигчидтэй хамтран ажилладаггүйг мэднэ. Бас сүүлийн үед таны кино гэмт хэрэг, триллер ангилалд багтахуйц болсон санагдлаа. 
-Магадгүй би өөртөө илүү ихээр итгэж эхэлснийх байх. Одоо би шинэ зүйлсийг оролдоод үзэх зоригтой болсон, нөгөөтэйгүүр кино ертөнцийг тэс өөрөөр таньж, ойлгож байна. Мэргэжлийн жүжигчдийн бүтээх натурализм миний сонирхлыг татдаггүй, би тийм хандлагад дуртай биш. Харин өөрийн уран бүтээлийн замналын энэ шатанд би кино урлагт үнэн сэтгэлээсээ шунан дурласан жүжигчидтэй хамтран ажиллахыг илүүд үзэж байна. Гэхдээ үүний нэг сул тал нь тэд аль хэдийнэ хэрхэн тоглох тухайгаа төсөөлчихсөн, арга замаа бодчихсон байдаг. Гэтэл би үүнийг зураг авалтын өмнө шийдэж, тогтохыг л хүсдэг.
-Таны кинонууд ерөнхийдөө туулж, өнгөрүүлсэн амьдралын тань тухай байдаг. Энэ туршлагаас гадна өөр юу таныг хөглөдөг вэ? 
-Оросын уран зохиол. Мэдээж миний амьдрал хамгийн нэгдүгээрт л дээ. Ялангуяа, эхэн үедээ хүүхэд насныхаа тухай их өгүүлсэн. Би дүрүүдээ хамгийн үзэн яддаг бүлгээсээ олж гаргадаг. Энэ нь өөрийгөө тайвшруулах нэг хэлбэр байсан юм уу даа. Харин уран зохиол бидэнд амьдралыг хэрхэн харахад сургадаг. Бодит амьдралтай нүүр тулахад туслах хамгийн сайн зүйл шүү. Тухайлбал, “Анатолияд нэгэн удаа”-д бодит түүхийг өгүүлнэ. Гэхдээ илүү цогц болгохын тулд би Чеховын хэсэг, хэв маягийг шигтгэсэн.
-Таны кинонууд өнөөгийн үйлдвэрлэлд ноёлж буй 3D технологи зэргийн эсрэг илүү бодит зураглалд тулгуурласан юм шиг. 
-Найруулагч бүр бүтээлдээ өөрийн үнэнийг шингээхийг оролддог. Миний ихэнх шийдвэр санаандгүй байдаг. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, би зохиолчид, кино театрууд, хийсвэр Холливудынхны хоорондын тэмцэлд дуртай. Харин уран бүтээлчийн шударга шинж чанар нь найруулагчийн хүчин чармайлтад оршихоос биш техникийн чадалд биш шүү дээ. Кино театрт үзэгчийг хуурах ямар амархан гээч. Тусгай эффект ашиглаагүй ч, тэднээс үнэнийг далдалж болно.
-Та яг хэзээ найруулагч болъё гэж шийдсэн бэ?
-30 хүрээд. Миний хүүхэд насаа өнгөрүүлсэн газарт телевиз бүү хэл цахилгаан ч үгүй байсан. Төсөөллийг минь харанхуй л тэтгэсэн юм шүү дээ. Ток, цахилгаангүй тэр өдрүүдэд сүнсний тухай үлгэрүүд л бидний хувьд кино байлаа. Тэгээд кино үзэх боломжтой болоход, би бодит байдлаас тасарчих шиг болсон. Үнэхээр дурласан. 16 настайдаа л кино театр гэдэг гайхамшиг юм гэдгийг ухаарлаа. Тэр дундаа Истанбулд Ингмар Бергманы “Аниргүй”-г үзээд. Тэр миний урьд нь үзэж байсан киноноос нэг л өөр байсан юм. Миний сэтэлд хоногшсон гэхэд болно. Учир нь би хүчирхэг эмэгтэйгээр толгойлуулсан айлын хүүхэд байсан, тэгээд л дүрүүд нь их ойр санагдсан байх.
-Киногоо гарсны дараа ямар сэтгэгдэл төрдөг вэ? 
-Нэгэнт дууссан бол дургүй болчихдог юм. Яагаад гэвэл бүр уйдчихдаг. Эвлүүлгийн үйл явц маш удаан үргэлжилдэг, залхмаар ажил шүү дээ. Тэгэхээр киногоо зуун удаа үзсэний дараа үнэхээр өөр юу ч хийх хүсэл төрдөггүй. Бодол санаанд цаашдын талаарх эргэцүүлэл үгүй болдог. Өөрийнхөө кинонд хараагүй, сонсголгүй хүн шиг л хандана. Тиймээс зорилгодоо хүрсэн эсэхээ хэлж чаддаггүй. Харин хэсэгхэн хугацааны дараа дотнын андууд минь санал, сэтгэгдлээ хуваалцсанаар эргэн хэвийн байдалдаа ордог юм.

Хектор Ланос Мартинез

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

No comments:

Post a Comment