Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Бүсгүйн гэзэг



By  Khulan Jugder     12:07 AM    Labels:, 
    Би яг үнэндээ уран зураг, сонгодог хөгжим сонсоод зүйргүй таашаал амсч, эсвэл гүн гүнзгий ойлгон бахдах чадвар, мэдлэггүй хүн. Гэхдээ эдгээрийг сонирхож, өөрийн хэмжээнд тайлан уншиж, бодох дуртай.
    Үүндээ хөтлөгдөөд зураач, барималч Ж.Мөнхцэцэгийн хэд хоногийн өмнө нээлтээ хийсэн "Зүрхнээсээ..." үзэсгэлэнг зорьсон юм.
    Танхим дахь түүний бүтээлүүдийг ерөнхийд нь харвал эмэгтэй хүний тухай болоод цөөнгүй зурагтаа эмэгтэй хүн, түүний гэзгийг харуулжээ. "Чөлөөлөлт", "Увидас", "Түүний үс" зэрэг бүтээлийг үзээд "Эмэгтэй хүний үс, сэтгэл хоёр холбоотой юу?" гэсэн асуулт төрөв. Бүсгүйчүүд "Үсээ тайруулахаар шинэхэн мэдрэмжид автдаг" гэхчлэн ярих нь бий. Үнэн болов уу? Яг ингэж бодох зуурт ард минь нэг эмэгтэй байхыг харсан минь зураач Ж.Мөнхцэцэг байсан юм. Бодсоноо түүнээс асуумаар санагдаад хэлтэл тэрбээр "Үс маш чухал шүү дээ. Үс, оюун санаа хоёр холбоотойд би итгэдэг. Хүний генийн шинжилгээг үснээс авдаг, үсэнд хэн нэгний тухай мэдээлэл хамгийн ихээр агууллагддаг" гэв. Зургуудийг ажиглахад түүний "амилуулсан" эмэгтэйчүүд илэрхий баяр жаргал, инээд хөөргүй ч нэг л тайван, басхүү нэг ижил гэмээр нүднүүд нь магадгүй дүнсгэр, гунигийн тухай өгүүлэх шиг санагдсан. Гэхдээ энэ муу хэрэг биш байх. Миний бодлоор үнэн сэтгэлийн, чин сэтгэлийн яриа бүхэн гунигийн тухай байдаг юм шиг. Энэ тухайд тэрбээр "Гуниг гэдэг зовлон биш. Хүний сэтгэлд гуниг хамгийн их тордог байх. Тийм ч учраас хүмүүс тэр тухай ярьдаг юм болов уу."
     Зураач хүн авьяасдаа хөтлөгдөөд туурвидаг юм уу, эсвэл үнэхээр түүний өөрийгөө илэрхийлэх аргад гагцхүү дүрслэл хамгийн их тохирдог юм уу гэж бодогдох нь бий. Магадгүй зурах биш зохиол, эсвэл хөгжим бичиж болох л байж. Гэхдээ... "Би ном, зохиол уншаад хүмүүс яаж ингэж бичдэг юм бол оо. Яаж ингэж илэрхийлдэг байна аа гэж боддог. Хөгжмийн тухайд бол сайн сонсогч төдий шүү дээ" гэлээ.
    Өчигдөрхөн би "Нэг голын усанд хоёр орж болдоггүй" гэх Гераклитийн үгийг дахин нэг харсан юм. Энэ тухай түүнд хэлээд мөнх оршихуйн тухай асуусан. Хүмүүс уран бүтээл мөнх гэдэг. Гэвч цаг үе бүрт хүмүүсийн харах өнцөг өөрчлөгдөж хэдэн зуун жилийн дараа бүтээлийг тэс өөрөөр тайлан уншиж, ярилцахыг үгүйсгэхгүй. Да Винчи "Жоконда"-г яг юу бодож бүтээснийг түүнээс өөр хэн мэдэх вэ? Тэгэхээр түүний өгүүлэмж мөнхөд үнэн байх уу? "Гэвч уран бүтээлч нэгэн амьдралдаа, тэр агшиндаа уран бүтээлээ туурвидаг. Хэрхэн тайлах, хэрхэн ойлгохыг мэдэхгүй ч түүнд зориулсан миний оюун санаа мөнхөд үлдэх нь гарцаагүй".
     Ийнхүү үзэсгэлэнгийн танхимыг зориод азаар ч юм уу зураачтай таарч цөөн хором ярилцсан юм. Санамсаргүй утсаа гаргахад минь тэр "Яриаг минь хурааж байгаа юм уу?" гэсэн. Тэгээгүй л дээ. Гэхдээ хэсэгхэн зуурын тэр яриа толгойд минь тод үлдэх шиг болсноо энд тэмдэглэлээ.
     "Зүрхнээсээ..."
"Увидас"

"Орооцолдсон үс"

"Чөлөөлөлт"

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

3 comments:

  1. үнэхээр гоё юмаа, 28нд дуусах байсан тээ, заавал очиж үзэх хэрэгтэй юм байна , үзчихээд энийг эргээд нэг уншнаа

    ReplyDelete
  2. Баярлалаа, үзээд сэтгэгдлээ хуваалцаарай. ;)

    ReplyDelete
  3. сайхан блог бичдэг юм байнаа. амжилт хүсье

    ReplyDelete