Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

“Чи хотын иргэн”



By  Khulan Jugder     9:56 PM    Labels:, 
Хотын соёлын тухай асуудал өдгөө бидний ярианы гол сэдвүүдийн нэг болжээ. Хүн бүхэн л хөдөөгийнхэн хот руу тэмүүлж их хотын өнгөнд сэв суулгаж байна гэх. Цаашлаад үүний учир, шалтгааныг тайлан, тайлбарлах хүмүүс болон тэдний элдэв дүгнэлтүүд мундахгүй. Тэр дундаа хөдөөг хөгжүүлэх юм бол нийслэлийг зүглэх их нүүдэл багасна гэж цөөнгүй хүн ярихыг сонссон юм. Миний санахаар уг нь бид хот, хөдөөг ижилхэн хөгжүүлж байжээ.  
  Миний хувьд л гэхэд би багадаа Эрдэнэт хотын хүүхэд байсан. Би өөрийгөө хотын хүүхэд гэж боддог, Улаанбаатарт ирэхээрээ “манай Эрдэнэт бол хот” гээд хүүхдүүдтэй маргадаг бяцхан охин байсан. Манай хотод нийслэлийг бодвол хавьгүй олон цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур байдаг байлаа. Бас гудамж нь цэвэрхэн, иргэд нь цэмцгэр. Үйлдвэр дагасан олон оросууд ажиллаж, амьдарч Эрдэнэтээр овоглосон хэн бүхэн орос хэлтэй, орос соёлтой байсныг ах, эгч нар ярьдаг. Энэ нь хотын имиж болохын зэрэгцээ иргэдийн олонх нь залуучууд тул “Залуусын хот” ч гэгддэг байж. 
  Харин бага ангийн сурагч охин би цонхоор харсан нэг өдрөө тод санадаг юм. Гэнэт байрны машинуудын “ЭТХ” гэсэн дугаарлалт “ОРА” болчихсон байв. Гайхаад асуувал Эрдэнэт хот маань Орхон аймаг болж, би Баян-Өндөр сумын, өөрөөр хэлбэл хөдөөний хүүхэд болчихсон. Зөвхөн би төдийгүй Дархан, Чойбалсан, Хэнтий гээд олон хотынхон хөдөөгийн харьяат болсон биз ээ. 
  Үүний цаад шалтгаан нь, Үндсэн Хуульд “Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэсэн заалт юм. Энэ нь нэг ёсондоо манайд нийслэл Улаанбаатараас өөр хот байхгүй гэсэн үг. Өнөөдөр хүмүүсээ хөдөөгийнх гэж адаглан, соёлгүй бүдүүлгийг нь гайхах алхмаа бид өөрсдөө хийжээ. 
  Гэтэл олон улсын жишгээр, тухайлбал Австралид 10 мянга, Канадад 5000 мянга, БНСУ-д 150 мянгаас дээш оршин суугчтай нутаг дэвсгэрийг хот гэж үздэг аж. Мэдээж үүнээс гадна ажил эрхлэх байдал, нийтийн тээврийн зохицуулалт, өөрийн гэсэн түүх дурсгалын газартай байх гээд цөөнгүй шалгуур бий. Энэ бүхэнд нийцэж, хотын статус хүртэх эрхтэй ч сумын төв гэж даруухан загнах эсвэл бүр доромжлуулж буй гэлтэй газар манайд олон байна. 
  Бид өөрсдөө хөдөө гэж үзээд, хөдөөгөөр нь дуудаад, хөдөөнийх гэж хараад байвал “санаа дагаад” гэдэгчлэн тийм л байдал бий болно шүү дээ. Харин тэдгээр сумын төвүүдээ хот болгоод, тэнд хотын хөгжлийг ойртуулж, хотын соёлыг түгээвэл байдал арай өөр. Уг нь хөгжлийг тийш хүргэх алхам хийхгүй биш хийж байгаа. Тухайлбал, аймгуудаа бүсчилж хуваагаад бүсийн тулгуур төв гэж аль нэг аймгийг нэрлэн хөгжүүлж буй тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярих болсон. Гэвч энэ нь бас л хөдөөг “өөд нь татах” л агуулгатай. 
  Гаднын орнуудыг харахад жижиг хотуудаа онцлог, имижийг нь тодруулан хөгжүүлэх хандлага байдаг юм билээ. Жишээ нь, Туркт гэхэд өмнөх нийслэл Истанбулаас гадна Бурса хотод их, дээд сургуулиудаа төвлөрүүлсэн тул соёл, боловсролын хот гэдгээрээ алдартай. Түүнчлэн Измир хотын бүсгүйчүүдийн сайхныг өөрсдөө магтахын сацуу энд жил бүрийн намар олон тооны урлагийн наадмууд болдгоороо онцлог. Мөн БНСУ-ын Инчеон хот үйлдвэрлэлийн төв бөгөөд тус улсын эдийн засгийн төв гэгддэг. Тэгвэл “Гэрэлт хот” Гуанжуг солонгос үндэсний зоогийг хамгийн амттай бэлддэг хэмээн магтдаг. 
  Энэ жишгээр бид хотуудаа хөгжүүлэхэд болохгүй гэх газаргүй. Хэнтийд Чингис хааны гэрэлт хааны хөшөөнөөс эхлээд их хаантай холбоотой олон дурсгалт газрууд бий. Түүгээр нь имиж бүрдүүлэхэд л болно, жуулчдыг ч татна шүү дээ. Баян-Өлгийн Өлгий хотын тухайд ойлгомжтой. Тэнд буй өөр, өвөрмөц соёлыг таниулан сурталчилж бас нэгэн онцлогийг гаргаж болно. Сайншандаас хэдхэн км давхиад очих “Хамрын хийд” болон сүүлд дэлхийн энергийн төв хэмээн алдарших болсон газруудаараа энэ нутгийнхан хэрэндээ брэнд бүтээж амжиргаагаа залгуулж байна. 
  Ингээд харвал манай аймаг, сум бүрт гайхуулах зүйл бий. Энэ нь магадгүй зөвхөн жуулчин татах зорилготой юм шиг санагдаж байж мэдэх. Гэвч сүүлийн жилүүдэд хотыг засаг захиргааны нэгж, хууль дүрмийн хүрээнд тодорхойлох биш соёл, иргэншлийн хувьд авч үзэх болжээ. Өнөөдөр хөдөөд өсч, торниж буй жаалуудаа “Чи хотын иргэн” гэж итгүүлж, бас төлөвшүүлж чадах юм бол хэдэн жилийн дараа хот, хөдөөгийн ялгаа багасах биз. Харин ингэж итгүүлэхэд сум нь ядаж хот нэртэй, гудамж нь цэгцтэй байхаас эхлэх хэрэгтэй. 

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

2 comments:

  1. Yostoi zuv sanaa aguulsan niitlel bm

    ReplyDelete
  2. таалагдлаа. ахиад энэ сэдвээрэй олон нийтлэл бичвэл талархан унших болно.

    ReplyDelete