Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Жигүүрээ дэлгээд дүүл, андууд минь



By  Khulan Jugder     3:29 AM     

Цагийн хүрд эргэн эргэсээр дөрвөн жилийн түүхийн хуудсыг тамгалжээ. Оюутан нас минь дуртгал болон үлдэж, дэврүүн сэтгэлийг өнгөрөх өдрүүдийн салхи сэвшин үлээж одох нь харуусал мэт хөндүүртэй. Гэсэн хэдий ч далавч нь ургаж гүйцсэн шувуухайнууд үүрнээс нисэн одох цаг тул хүсэл, мөрөөдөл цээжинд багтаж ядна.
Намар намрын мөнөөх дүр зураг бидний дурсамжид ч бий. Сэтгүүл зүйн ангид тохой залган суух андуудтайгаа тэр л өдөр учирч нэгэн их “айл”-д бүл нэмэн нэгдсэнсэн. Түүнээс хойшхи жаргалтай өдрүүдийн тухай энд тэрлэх аваас ямар ч бэх үл хүрэх биз ээ.
“Танай ангиас сэтгүүлч болохыг хүсч байгаа нь гараа өргөнө үү?” гэх багшийн асуулт нэгдүгээр ангийн оюутан намайг мэргэжлийнхээ тухай дахин нэг бодоход хүргэж билээ. Ган үзгийн хошууны уранд хууртав уу, дэлгэцээр гарах ах, эгч нарын сайханд дурлав уу, эсвэл энэ мэргэжилд үнэхээр татагдав уу? Эргээд харахад бидний олонхийн хариулт хийсвэр мөрөөдөл биш, бодож гаргасан шийдвэр байжээ. Тийм ч учраас төгсөх өдрөөсөө урьтан мэргэжлийнхээ сайхныг мэдэрч яваа авъяаслаг найзууд минь олон. Сэтгүүлч Б.Ганчимэгийн хэлсэнчлэн сэтгүүл зүй гэх шонхоруудын ертөнцөд балчир гэлээ ч бид хөл тавих мөч улам бүр ойртсоор аж.  
      Бид нэгдүгээр ангид байхдаа үзэгчийн суудлаас үгийн урантай танилцсан нь “Уйдах завгүй оюутан нас” яруу найргийн наадам байсан юм. Тэд манай тэнхмийн IV ангийн ах, эгч нар энэ наадмыг жил бүр уламжлал болгон явуулдаг байж. Харин сургууль төгсөх жилдээ бидэнд итгэл хүлээлгэж энэ наадмыг зохион байгуулахыг захисан юм. Түүнээс хойшхи хоёр хаварт яруу найргийн онгодоор хөглөгдсөн оюутан, залуус биднийг зорьж, бүтээлээ сойж байв. Мөн сургуулийнхаа 30 жилийн ойн үеэр бид наадмаа өргөжүүлж гэрэл зургийн уралдаан, шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргасан билээ. Энэ жилээс мэргэжил нэгт оюутан, залуусынхаа дунд “Алтан үзэг” улсын уралдаан зохион байгуулж эхэлсэн нь нэг ололт юм. Телевиз, радио, нийтлэлийн төрлөөр болсон анхдугаар наадамд манай сургуулийнхан ч амжилттай оролцож, өөрийн “морьд” гурван шагналын эзэн болсонд багш нар маань ч баяртай байсан.
Яг одоо таны гарт буй “Хүмүүн Ухаан” сонинтой бид хоёрдугаар ангид байхдаа танилцсан юм. Сэтгүүл зүйн бичлэг, мэдээ, нийтлэл, ярилцлага, орчуулга хийх гээд бид хэрэндээ л бужигнаж байв. Анх удаа сонин гаргах гэж байгаа тул будилах зүйл мундахгүй. Нэг мэдээ бичих гэж долоо хонох нь холгүй. Тэгээд болоогүй ирэхдээ нэг хүний овгийн үсгийг орхичихно. Түүнийгээ олох гэж дахиад долоо хоног явна гээд улирлын турш гүйсний эцэст өөрсдийн нэрээ баярлан харж, шинэ сонины үнэрт автсан юм. Үүний дараа сургуулийн 30 жилийн ойн дугаарыг гаргахад арай л дөртэй болж, сонины хэмжээ томорсон ч будлиан багатай өнгөрч байв.
  Өнгөрсөн намар бид өөрсдөө камер барин нэвтрүүлэг бэлтгэхээр зорьсон билээ. “Өнөөдөр” сонины эрхлэгч С.Батбаатарыг урин тэнхмийнхээ оюутнуудтай уулзуулж, өөрсдөө ток-шоу нэвтрүүлэг бэлтгэсэн нь тэр. Нарка, Сувдаа хоёр зураглаач хийж, Учрал хөтлөгч, Үүрээ найруулагчийн үүрэг гүйцэтгэж бусад нь арын албанд зүтгэв. Хоёр цаг гаруйн бичлэг хийгээд, ингээд боллоо гэж бодтол жинхэнэ ажил тэгэхэд л эхэлж билээ. Авсан дүрсээ эвлүүлэх, сонирхолтой дараалалд оруулах гэдэг хамгийн чухал гэдгийг тэгэхэд ойлгосон юм. Олон өдөр, шөнө ээлжлэн сууж нэвтрүүлгээ хэд дахин үзсэний эцэст эвлүүлгээ хийв. Мөн анхных гэж өөрсдийгөө өмгөөлөх “бүтэлгүйтэл” биднийг тойрсонгүй. Хоёр микрофонтой байсны нэг нь гэмтээд ажиллаагүй тул, дуу, дүрсээ тохируулна гэдэг ярвигтай ажил байсан. Эцэст нь бичлэгийн чанар, өнгөө янзлаад сарын дараа анхны бүтээлээ  өлгийдсөн.
      Бидэнд энэ бүхэнд сургасан хүмүүс нь тэнхмийн гурван багш маань. Сургуульд элссэн эхний өдөр настай багш орж ирээд “Та нар “Өвгөн, тэнгис хоёр”-ыг уншсан уу?, “Зуун жилийн ганцаардал”-ыг унших хэрэгтэй шүү” гээд л номоор “бөмбөгдөнө”. Басхүү ярьсан бүхнээ дүрсэлж үзүүлэн, самбарын өмнө нааш, цааш холхих Д.Цэмбэл багш бидэнтэй өөрийн мэргэжлийн сонирхолтой түүхийг хуваалцахын зэрэгцээ, тэр бүрээрээ ямар нэг сургамж өгүүлдэг байлаа. Харин гуравдугаар ангид хамгийн олон цаг хичээл заасан хүн нь Л.Ариун багш. Бараг өдөр бүр уулзаж, дунд сургуулиар бол ангийн багш шиг санагдаж байв. Тэгээд бүр орсон хичээл бүр дээр нь сонины нэг, хоёр сарын дугаарыг шүүж, цөөнгүй судалгаа хийнэ. Бид мэдээж сурсан зангаараа цагийг нь тулгаж хийх бөгөөд шөнөжин бэлдсэний маргааш нойрмоглон суухад Дагий багш орж ирэн бүгдийг нь сэргээнэ дээ. Угаасаа багшийн хичээл дээр идэвхигүй байх аргагүй. Салхи татуулан орж ирээд, хичээлээ эхлүүлнэ дээ. Бид ч бодсоноо хэлэх гэж уралдаад, маргах нь холгүй. Дараачийн хичээл англи хэл. Хоцрохгүйн тулд өмнөх ангиас гарч хурд хийх шаардлагатай. Миний, чиний цаг сургуулийн, тэр тусмаа багшийн цагтай таарч байгаа эсэхийг үргэлж шалгахгүй бол горьгүй. Учир нь бид Оюунаа багшийн хичээл дээр нэг хормын үнэ цэнийг хамгаас илүү мэдэрдэг юм. Бас хийсэн бүхнээ хийгүй үйлдэхийн тулд гэрийн даалгавартаа нэг цэг дутуу орхиогүй байгаа гэж дахин, дахин нягтална. Хэдийгээр бид нэг тэнхим биш ч, багш маань дөрвөн жил англи хэл, соёлыг зааж, сургасан юм.
Тэгвэл одоо бидний сэтгэлд сүүлчийн хаврын аялгуу дотно хийгээд сэтгэл гэгэлзүүлэм эгшиглэнэ. Эртэч шувуухайнууд өглөө бүр мэнд мэдэн цуглаж, хичээлээс яльгүй хожимдон Цэцээ амьсгаадан орж ирнэ. Магад хичээл тарахаас арай урьтан Учрал “морилж”, түүнтэй зэрэгцэн өнгө алаглуулсаар Сансаа гэгээ нэмэн хаалга нээнэ. Шинэ өдөр бүр энэ хэмнэлээр эхэлж цааш Зоригт, Лхагваагийн үгсийн уранд хөтлөгдөж инээд цалгисан мөчүүд үргэлжилнэ. Дөрвөн жил ийм л гэгээн, тийм л яруу өнгөрсөн. Ирэх цагийн уртад энэ бүхэн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн танхимд дурсамж болон үлдэнэ. Арав эсвэл хорин жилийн дараа эргэн ирэхэд ширээ бүрийн ард ангийнхнаа харан, коридорын шатаар хичээлдээ, хайртдаа яаран гүйх оюутан насны хэмнэлэийг үгүйлж, таяг тулсан хөгшин болсон ч бодолд нь ангийн охины даруухан инээмсэглэл тодрох биз ээ.
      Ирэх намрын есдүгээр сарын нэгнийг төсөөлдөө. Нар ээсэн шинэ өглөө дүү нар хичээлдээ яарахад дагаад гүймээр санагдаж, сургуулийн өмнө ирээд санасан сэтгэл дүүрэн дахин нэг уулзахыг хүсэх  болов уу. Хэдий энэ хүсэл биелэхгүй ч, тэр үед бид өөр, өөрийн талбарт нэгэн шинэ үеийг эхлүүлэхээр мөн л сэтгэл дүүрэн алхаж байх биз. Шонхоруудын ертөнцөд шилдэг нь байхаар дор бүрнээ хичээх нь гарцаагүй. Гэхдээ бид 30-уулаа, 30 өөр ертөнцийн төлөөлөл. 30 өөр өнгийн, 30 давтагдашгүй сэтгэлгээ биднийг илтгэдэг. Хаалга бүрийн цаана өөр өнгийн бодол ноёлж, өөр өнцгийн үзэмж бусадтай сүлэлдэн нэгддэг. Тийм болохоор бүгд мундаг, сайн байхад тэмүүлэхдээ өөрийн гэсэн бүхнээ гээхгүй юм шүү.
       Гадаа яг одоо өвс өндийн, модод нахиалж, цэцэгс цоморлигоо нээх гэж байна. Ирж яваа цаг биш гэж үү. Би, бид, бидний үеийнхэн ч тэр цагийг угтан үүрээ орхин нисэхээр бэлдэж байна. Камер, микрофон барьсан эсвэл үзэг, дэвтэр тэгээд бас томоо цүнх үүрсэн сэтгүүлчид нийгмийн амьдралын үйл явдал бүхнийг сурвалжилж, эгэл иргэнээс онцгой баатартай хүртэл ярилцна. Хурд, овсгоо шаардсан зогсолтгүй үргэлжлэх тэр хэмнэл бидний талбар. Тэнд дороос нь эхлээд оргилд нь хүртэл магадгүй дэндүү романтик сонсогдох тийм нэг мөрөөдөл тээн нисцгээе. Яадаг юм, бид чинь дэврүүн хүсэл, оргилсон эрч хүчээр дүүрэн залуус шүү дээ. Тийм болохоор айх хэрэггүй ээ, жигүүрээ дэлгээд дүүл, андууд минь!

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

2 comments:

  1. сайхан санагдчихлаа

    ReplyDelete
  2. Ааа, яасан гоё юм бэ, нэг тийм гоё мэдрэмж төрүүллээ. Өнгө татуулсан Сансаа, хөтлөгч Учрал 2-г санаад яг төсөөлж байна аа ххэ.
    Зөндөө олон сонирхолтой мэдээ мэдээллийг та бүхнээс цаг алдахгүй авах болно оо гэдэгт итгэжийна. Бүгдэд нь амжилт!

    ReplyDelete