Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Бид хэн бэ?



By  Khulan Jugder     9:55 AM     
  “Бусдыг мэдэх нь ухаарсных, өөрийгөө мэдэх нь гэгээрснийх...” гэж эртний Хятадын гүн ухаантан Лао Зэ хэлж байв. Угаас хүн өөрийнхөө тухай, “би”-гийн тухай эргэцүүлж эхлэх нь оюун санааны хүрээний дэвшил, магадгүй оргил нь ч байж болох. Тиймдээ ч Декартын “Би бодож байна, тиймээс би байна” (“Cogito, ergo sum”) гэх үг хүн төрөлхтний оршиж буйн шинжээ мэдрэхийн илэрхийлэл болсон биз ээ.
  Тэгвэл өдгөө Монголчууд бид хэн бэ?
Юун түрүүнд, гаднын оронд очиход энгийн иргэдээс нь “Танайд байшин байдаг уу?”, “Чи хичээлдээ мориор явдаг уу?” зэрэг асуултууд хөвөрнө. Гадаад орчинд Монгол гэдэг таван хошуу малтайгаа, тал сайхан нутагтаа налайх өнө эртний зураглал хэвээр байгаагийн илрэл энэ гэлтэй. Хэдийгээр сүүлийн жилүүдэд энэ ойлголт өөрчлөгдөж, Монголчуудыг газар дороо өчнөөн баялагтай, их ирээдүйн өмнө зогсох ард түмэн гэх болсон ч үүнийг гаднын судлаач, эсвэл эдийн засагчид л хэлж байгаа. Тэрнээс биш зургаан тэрбумын талаас илүү нь биднийг танихгүй, мэдэхгүй, сонсоо ч үгүй. Яг л би найзтайгаа Тогогийн хөлбөмбөгийн багийн талаар яриа өрнүүлэхэд “Того гэж юу бил ээ?” гэж асуухтай адил.
  Монгол гэж хэн бил ээ?
“Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чоно, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан хэмээх нэгэн хөвүүнийг төрүүлжээ.” Бид өвөг дээдсийнхээ тухай эндээс эхлүүлж, Их Монголын өнгөрсөн түүхээр өдгөө хүртэл бахархаж, саймширсаар байгаа. Гэхдээ бас нэгэн үед тэр бүхнийг үгүйсгэн, нулимж ч байсан удаатай. Орос “ах” нартай дотносож, Ленин багшийн агуу төрх, “поза”-аар итгэл үнэмшлээ бүрдүүлж байсан цаг өнгөрсөнд минь бий. Харин 20 жилийн өмнө бид ардчилалтай золгосон билээ. Хэдийгээр Генрик Гесс “Нийгмийн байгуулал солигдох болон хоёр иргэншил мөргөлдөхөд хүний зовлон туйлдаа хүрдэг” гэсэн ч, ардчиллын ач, буянаар бид тоолж үзээгүй мөнгөө тоолж, хувийн өмч эзэмших болсон. Түүнчлэн онцгойлон дурдах нэг зүйл нь бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх буюу мэдээллийн эрх чөлөөг олж авсан билээ.
  Тэр жил НҮБ “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг батлаад яг 34 жил болж байж. Тунхагийн 19-р зүйлд заасан “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй...” гэх заалт түүхийн тэр агшинаас л Монголд жинхэнэ утгаараа хэргэжих боломжтой болсон юм. Би тэр жил мэндэлсэн. Энэ өгүүлбэр магадгүй хийрхэл мэт сонсогдож байж болох ч, “би”-гээр төлөөлүүлж өнөө үеийн Монгол залуусын тухай бичих гэсэн юм.
  Тэгэхээр “би” хэн бэ? буюу дахиад асуувал Бид хэн бэ?
Би 1990 онд Унгар улсын нийслэл Будапешт хотод төрсөн. Гэхдээ удалгүй Монголдоо ирж өөрийн үеийнхэнтэйгээ нэгдэн, тэдэнтэй хамт нийгэмшиж, өсч торнисон. Би удахгүй 21 нас хүрнэ. Нийгмийг бүрдүүлэгч гишүүний хувьд би залуу үеийн төлөөлөл, тэгээд бас оюутан. Харин Америкийн судлаач Штраус болон Хоу нар намайг “У-үе”-ийн төлөөлөл гэдэг. Тэд үе, удмын талаарх “Generations” бүтээлдээ хүн төрөлхтөнийг 25 үед хуваан, 1980-1990-ээд онд төрөгсдийг дээрх “У-үе” (Gen Y) гэж ангилсан юм. Энэ үеийг өөрөөр “Net Generation” ч гэдэг. Харилцаа холбоо, дижитал технологийн хөгжил биднийг тодорхойлдог. Арга ч үгүй биз. Судлаач Томас Фрийдман хүн төрөлхтөн түүхийн явцад даяаршлын давалгаанд гурвантаа өртсөн бөгөөд үүний гурав дахь үе-Даяаршил 3.0-ын нөлөөгөөр буюу цахим орчны хөгжлийн ачаар дэлхий ертөнц хавтгайрч буйг дурдсан байдаг. Даяаршлын энэ үе эхэлсэн 2000-аад оны үед буюу 21-р зуунд төлөвшиж буй иргэд, бидний хувьд өсвөр, залуу наснаасаа цахим ном, сонин уншиж, захидлаар бус и-мейлээр харилцаж дадаад буй. Бид мэдээллийн эрин зуунд, түүний хүчинд шүтэж амьдардаг.
  Зөвхөн би, миний эргэн тойронд буй бид ч биш дэлхий ертөнц ерөөс ийм болж буй. Энэ цаг үед бид, монголчууд хэн байх нь нэн чухал. Энэ зууныг зөвхөн “Мэдээлэл”-ийн бус, нөгөө талаас нэрт сэтгэгч А.Смитийн тодорхойлсноор “Өрсөлдөөн”-ий эрин гэдгийг санах хэрэгтэй.
  Сүүлийн үед “Оюутолгой”, “Тавантолгой”-гоос илүү Монгол толгой биднийг хөгжүүлнэ гэж хүн бүр ярих болсон. Гэхдээ тэр талаар, тэгээд бүр хэрхэн гэдгийг хэн ч ярихгүй хэрнээ, газар дор байгаа нөгөө “гоё” зүйлийг бусдын хүчээр гаргуулаад, өөрсдөө зүгээр сууж байгаад ашгаас нь жоохон хүртэе гэсэн Монгол толгой л хамгийн сайнаар ажиллаж байна. Нарийндаа ашигт малтмал гэдэг нь бүтээлч чадваргүй түмний мөнгө олох ядруухан арга гэдэг. Тиймдээ ч баялгаасаа болж баларсан орнуудын жишээ бөмбөрцөг дэлхийн түүхэнд олон бий.
  Гэхдээ машин техник хийхээсээ аль хэдийнэ хоцорчээ гэж бодоход мэдээллийн технологи, програм хангамжийн салбарт биднийг бага ч гэсэн гэрэл гэгээтэй орчин хүлээж байгаа. Одоогоор монгол залуу “Apple” корпорацид програмчлал бүтээж, өөр нэг нь “Майкрософт”-од ажиллаж байгааг бид мэднэ. Тэр ч бүү хэл, хэрэв та АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн дараачийн сонгуулийн кампанит ажлын вэб хуудас, сурталчилгааны загварыг харсан бол түүнийг нөгөө л монгол залуу хийсэн юм шүү дээ. Бид чадаж байгаа биз?
  Холын Америк дахь залуусын бүтээл магадгүй бодол, сэтгэхүйгээс алсуур сонсогдож байж болох. Тэгвэл арай энгийн жишээ дурдая. Нэг найз минь Японы их сургуульд суралцдаг юм. Тэнд сурдаг олон оюутны адил тэр хөдөлмөрлөж, амьдралаа өөрөө болгоод л байдаг. Гэхдээ тэр ямар нэг хар ажил, эсвэл шахуу цагийн хуваариар ажилладаггүй. Харин гэртээ суугаад интернэтээр материал хүлээн авч орчуулдаг. Ингээд түүний картанд аль улсын, хэн гэдэг үйлчлүүлэгчээс вэ гэдэг нь мэдэгдэхгүй ч, чамлахааргүй цалин нь хормын дотор шилждэг.
  Үүнийг аутсоурсинг (Outsourcing) гэх бөгөөд бизнесийн, мэдлэгийн үйл ажиллагааны, дуудлагын төвийн, мэдээллийн технологийн, үйлдвэрлэлийн гэхчлэн ангилдаг. Гээд цааш яривал сэдвээс хазайх тул бидэнд байгаа боломжид төвлөрье. Энэ хэлбэрээр хамгийн их ажилладаг улс нь өдгөө Энэтхэгчүүд болоод байгаа. Тэд хямд зардлаар Америкчуудын ажлыг хийж өгч буй нь, эрх чөлөөний орны иргэдэд ажлын байр олдохгүй байх нэг шалтгаан нь болжээ. Ингээд бодохоор мэдээллийн технологийн хөгжлийн ачаар та хаана байх нь хамаагүй, ажилтай, мөнгөтэй болж болох нь. Ганц та ч биш бид мэдээллийн технологийг үр дүнтэйгээр ашиглаж чадвал дэлхий ертөнц биднийг өөрөөр хардаг болно.
  Бичлэгийнхээ эхэнд би гадаадууд биднээс юу гэж асуудаг талаар дурдсан. Надад ч бас тийм явдал тохиолдож байсан. Гадаад найз минь надаас “Компьютер мэдэх үү?” гэж асууж байв. Харин зуны амралтаа дуусаад би хамтдаа авахуулсан зургуудаараа эвлүүлэг хийж, дэвсгэр аяар чимэглэн түүнд бэлэглэсэн юм. Түүнд бараг хэлэх ч үг олдохгүй байх шиг санагдаж билээ. Одоо цагт үүнийг компьютерийн хамгийн энгийн програм дээр хийж болох бөгөөд 5-р ангийн дүү минь бараг бүх найзууддаа ийм бэлэг барьж байна. Тэгэхээр дэлхий ертөнцөд бид морь унасан хуучин Монгол хүүг биш, мэдээллийн хүчийг гартаа атгасан, өрсөлдөх чадамж бүхий хүчирхэг толгойг таниулах хэрэгтэй байх нь. Энэ бол бид. Бид ийм л байх ёстой. Ашигт малтмалын олборлолт, үйлдвэрлэлээ хөгжүүлээд бидний олох ашиг мэдээллийн технологийн салбарын амьд домог Билл Гейтсийн нийт хөрөнгийн талд нь ч хүрэхгүй гэсэн тооцоо гарсныг санаж байна. Тэгэхээр бидэнд байгаа боломж нь зэр зэвсэг, эдийн засгийн хүчээс илүүтэй мэдээллийн хүчээр өөрсдийн хүчирхэг байр суурийг бий болгох. Өөрөөр хэлбэл олон улсын харилцаанд нэр хүндтэй тоглогч болох боломжийг мэдээллийн хүчээр дамжуулан олж авах юм.
  Би өөрийгөө, өөрийн үеэ хэн бэ гэдгийг ингэж таньж байна. Оршин байх зөв замаа ийнхүү сэтгэж байна. Миний эргэн тойронд, найз нөхөд минь ч бас ингэж ярьдаг. Энэ талаар хэлэлцэж, дэлхийн иргэн болох холын хүслээ хуваалцдаг. Мөн нийгмийн тэргүүн шугаманд алхаж буй олон хүн энэ тухай ярихыг сонссон. Тэгэхээр Лао Зэгийн хэлснээр бид аль хэдийнэ өөрийгөө мэдэхүйд нэвтэржээ. Бас бодож, тунгаан байхуйгаа ч тодорхойлж. Одоо хэрхэх вэ? Мэдээллийн эрин зуунд, чадварлаг өрсөлдөгч байж, тэгээд хэний ч мэдэхгүй, танихгүй, бөмбөрцгийн нэг хэсэг биш хавтгайрсан ертөнцийн сод манлай байхсан.
  Лао Зэгийн үгийн үргэлжлэлээр бичлэгээ төгсгөе гэж бодлоо. Уншаад дүгнэн бодохыг танд үлдээе.
“Бусдыг удирдахад хүч хэрэгтэй, өөрийгөө удирдахад тэнхээ хэрэгтэй.”

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

1 comment:

  1. Хэхэ үнэхээр сонирхолтой нийтлэл байна. Сүүлийн төгсгөл таалагдлаа гэж хэхэ

    ReplyDelete