Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

"Ногоон хэдгэнэ"



By  Khulan Jugder     3:48 AM    Labels:,, 
   Киночидтойгоо уулзалгүй ихэд удсаар, өчигдөр орой "Ногоон хэдгэнэ" киног хамтдаа үзэж, цагийг сайхан өнгөрүүллээ. Клубын залуус нээлтийн ажиллагаанд эртнээс бэлтгэж, кинотой холбоотой богино хэмжээний үзүүлбэр толилуулсан билээ.


    Нээлтийг урьд, урьдынхаас илүү сонирхолтой хийхийг зорьсон залуусын хичээл, зүтгэл талаар өнгөрөлгүй, "Өргөө" кино театрт хүрэлцэн ирсэн клубын гишүүд төдийгүй үзэгчдэд сэтгэгдэл төрүүлж чадсан. Хэдийгээр бүх зүйл төлөвлөсөн ёсоор бололгүй, бага зэрэг алдаа гарсан ч, цаг тухайд нь тэдгээрийг шийдвэрлэсэн нь мөн л амжилт билээ. Ямартай ч дараачийн үйл ажиллагаанд энэ эрчээрээ шинийг эрэлхийлж, далайцтай сэтгэх юм бол бүр ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байна.

   "Ногоон хэдгэнэ" /Green Hornet/ киноны тухайд 1930-аад оны радио цуврал бөгөөд түүнээс хойш комик цуврал болон дэлгэцийн бүтээл хэлбэрээр гарч байсныг үзэгчид мэднэ. Харин шинэчилсэн уг хувилбарыг Францын найруулагч Мишел Гондри бүтээж, гол дүрд жүжигчин Сэт Роган тоглосон. Тэрбээр телевизийн цувралууд болон инээдмийн кинонд түлхүү тоглохын зэрэгцээ цөөнгүй хүүхэлдэйн кинонд дуу оруулж байсан билээ. Хэдгэнийн хамтрагч Катогийн дүрийг Тайванийн дуучин, жүжигчийн Жей Чоу бүтээжээ. Гурван настайгаасаа төгөлдөр хуур тоглож, цаашлаад ая зохион, дууны үг бичиж, 2000 оноос эхлэн жил алгасалгүй 9 цомог гаргасан гээд түүний намтар тун ч сониролтой. Тэгвэл Чоу жүжигчний замналаа 2003 онд эхлүүлсэн билээ. Улмаар өөрөө кино найруулж "Secret" бүтээлээрээ үзэгчдэд бэлэг барьсан. Баттай мэдээлэл биш ч, энэ онд "Secret"-ийн хоёрдугаар анги дэлгэцэнд амилна гэсэн.
   Киног агуулгын хувьд дүгнэвэл адал явдалт-инээдмийн кино тул хөнгөн инээд, болон сонирхолтой "тулаант" хэсэг ихтэй. Мөн гурван хэмжээст зураглал нь урьдны кинонуудыг бодвол арай илүү нь мэдрэгдэж байсан. Гэхдээ мэдээж "Resident Evil"-ийг гүйцэхгүй гэдэгтэй фанатууд санал нэгтэй байв.
   "Ногоон хэдгэнэ"-ийн төмөр хөлөг "Black Beauty" төдийгүй буу, зэвсэг, элдэв төхөөрөмжид олон залуус дуу алдах нь сонсогдсон. Дээрх шийдлүүдийг үнэхээр сайн хийсэн байналээ. Ер нь энэ кино хийцийн хувьд дажгүй болсон бөгөөд, санаа нь шалихгүй мэт боловч, цааш бодвол хүн төрөлхтний мөнхөд үнэлсээр ирсэн шударга ёс, сайн сайхны төлөөх тэмцлийг харуулсан ажээ.

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

3 comments:

  1. Тиймээ ээлжит баатрууд....үүрдийн замнал,,,,,,

    ReplyDelete