Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Ягаан, ягаахан, яв ягаан...



By  Khulan Jugder     8:54 AM    Labels:, 

   Алэшиа Моур гэх бүрэг, ичимхий бяцхан охинд ямар нэг асуудал тохиолдоход тэр дороо л хацар нь ягаарчихдаг байж. Тийм ч учраас хүмүүс түүнийг "Pink" гэж хочилдог байсан нь өдгөө дэлхийн сая, сая сонсогчийн хөгжмийн ертөнцийг "ягааруулж" буй. Миний хувьд бага ангийн сурагч байхдаа "хататгай ягаан"-ы "Get The Party Started" дууг сонсч "ягаарч" байв. Үүнээс хойш "Just Like A Pill", "Family Portrait" гээд P!nk-ийн хит дуунууд төдийгүй MTV-ээр хөврөх "Missundaztood"-ийн дуунуудад автаж байлаа.
  Түүний үс нь ягаан сортой, тэгээд нэр нь ЯГААН. Эхээс төрөхөөсөө эхлээд л эмэгтэй хүмүүс энэ өнгөөр дүр төрхөө тодорхойлдог. Харин сайн мэдэхгүй хүмүүс P!nk-ээс эмэгтэйлиг шинж чанар олж харах нь хомс. Угаас тэрбээр багаасаа хүнд, бэрх амьдрал туулж ирснээ дурссан байдаг. Үүндээ төдийлөн харамсч, гуньдаггүй бөгөөд саад, бэрхшээл түүнд хөгжмийн ертөнцөд хөл тавихыг хүссэн хэн бүхэнд хэрэгтэй байдаг тэмцэгч, шаргуу чанарыг өгсөн гэж үздэг. Түүнчлэн тэрбээр зовлонг мэдэрсэн хүн жаргалын амтыг илүүтэй мэдэрдэг гэдэг. Хэрэв түүнд боломж олговол өнгөрсөн амьдралынхаа юуг өөрчлөхийг хүсч байна гэсэн сэтгүүлчийн асуултанд "хатагтай ягаан" маань "Би юуг ч өөрчилмөөргүй байна. Амьдарч ирсэн зам мөр минь энэ хэвээр байх нь надад таатай" гэжээ.
  Харин түүнийг "ягаахан" төрхтэйгээр анх "Lady Marmalade" дууны видеоноос харж билээ. Гэхдээ ялдам хөдөлгөөнөөр бүжих түүнийг харахад тийм ч энхрий санагдсангүй. Ерөөс тэр туяхан, наалинхай бус тийм нэг хүчирхэг, эрч хүчтэй бүсгүй аж. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд түүнийг "Forbes" сэтгүүл хамгийн хүчирхэг алдартнуудын жагсаалтын 27 дугаарт нэрлэсэн юм. Мөн 2010 оны босгон дээр ягаахан-P!nk удахгүй бяцхан охиноо өлгийдөхөөр болсноо зарласан билээ.
  Хөгжим судлаачид, шүүмжлэгчид P!nk-ийг олон төрлийн урсгалаар дуулдгийг нь олонтаа дурьддаг. Түүний дуунууд поп, поп рок, панк рок бас бүжгийн хэмнэлтэй байх нь ч бий. Тэрбээр ахлах сургуульд байхдаа эрдмийн мөрийг хөөхөө зогсоож Филадельфийн клубуудэд дуулж эхэлсэн юм. Энэ үед тухайн цагийн алдартай бүхий л уран бүтээлчдийн дууг дуулж, басхүү шимтдэг байв. Тэр алдарт төгөлдөр хуурч Билли Жоэл, соул Донни Хэтэвэй-ээс эхлээд Мадоннаг хүртэл сонсдог аж. Харин Майкл Жексоныг хүндлэн биширдэг бөгөөд, хамтран дуулахыг мөрөөддөг урлагийн "ханхүү" нь "Aerosmith"-ийн Стивен Тайлер гэжээ.
  Нийт таван цомгийн уран бүтээлийг сонсогч бидэнд бэлэглэсэн P!nk эгшигт хайрцаг-"Грэмми"-ийн шагналыг хоёр удаа хүртэж байв. Мөн Биллбоард жагсаалтын шилдэг 100-д багтсан 10 хит дууны эзэн билээ. Харин одоогоор түүний "F**kin' Perfect" дуу чихийг минь  эзэмдэж, ipod минь "яв ягаан" болчихсон. Надтай адил түүний дуунд шимтсэн сонсогчдын саналаар энэ дуу "Биллбоард" жагсаалтын хоёрдугаарт жагсч буй.

Ягаан, ягаахан, яв ягаан... Энэ бол P!nk.

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

3 comments:

  1. Zivuun cliptei bolson bnlee! Minii durtai duunuudiin neg!

    ReplyDelete
  2. Харин тийн. Клипийг нь үзээд нэг сэтгэгдэл төрсөн. Цааш нь ургуулж бодоод, дараачийн бичлэгийн санаагаа олсон. Удахгүй хуваалцана аа. :D

    ReplyDelete
  3. yasan goe.iin clip ni. bas yagaahan ch ugaasaa l daa :)

    ReplyDelete