Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

"Burlesque"-д зочилсон түүх



By  Khulan Jugder     7:02 AM    Labels:, 
  
     Удаж, удаж өнөөдөр л "Burlesque" гэх мюзиклийг үзлээ. Оройтсон ч гэсэн сэтгэгдлээ нийтлэхээр шинэ бичлэг эхлүүлж буй минь энэ. Юутай ч, поп хөгжмийн амьд домог Шер, болон дуучин Кристина Агилера нарын тоглосон мюзикл дуу, хөгжмийн хувьд чамлахааргүй болсонд итгэж байв. Үнэхээр кино эхлэхээс дуустал дуу бүрийн үг, ая нь гайхалтай байлаа. Мюзикл кино үзэхээр юу юугүй дуулж, бүжиглээд заримдаа залхмаар ч юм шиг мэдрэмж төрдөг. Харин "Burlesque"-ийн зураг авалт, найруулга нь уйдахааргүй юм. Түүнчлэн хөнгөн, арилжааны шоу уран бүтээл харуулж байгаа тул өнгө, будгийн зохицлоор энгийн үзэгчийн нүд, сэтгэлийг баясгах шийдлийг олжээ. Гэрэлтүүлэг, тайз засал, түүнийг эзэгнэн уран тансгаар хөдлөх бүжигчид гээд тун сайхан. Магадгүй ийм шоу үзүүлбэртэй баранд орж үзэх хүсэл ч төрөв. (Сүүлдээ манайд "Драгон" кабаре театр ийм зүйл хийх гээд бүтэлгүйтсэн билүү ч гэж бодов :D)
    Үйл явдлын хувьд алс, жижиг хотын Али охин бяцхан зүрхэндээ ахадсан гэмээр "том" хүсэл тээгээд их хот Лос Анжелест мөрөөдлөө биелүүлэхээр ирсэн тухай. Эхэндээ хөдөөний охин хөлөө олоход амаргүй байх бөгөөд "Burlesque" нэртэй клубт сайн дураар зөөгч хийж эхэлнэ. Тэнд охидын дуулж, бүжиглэхийг харж, сураад нэг л өдөр тэр тайзан дээр итгэл дүүрэн гарч клубын эзэн Тесст (Шер) шалгуулах болов. Мэдээж уран сайхны кино учраас Али түүнээс хойш тайзанд бүжиглэх эрх авлаа. Гэвч түүнд хуучин бүжигчид тийм ч амар байраа тавьж өгөхгүй. Тэр дундаа Никки түүнд дургүйлхэн, тайзан дээр ам барин дуулж байхад нь хөгжим таслан "хорлох" боловч, үнэндээ энэ нь сайн хэрэг болон хувирна. Али өөрийн хүчтэй, гайхалтай хоолойгоор дууг амилуулж, Тесс төдийгүй үйлчлүүлэгчдийг гайхишруулах нь тэр. Ийнхүү тэр олонд авъяасаа таниулахаас гадна, киноны үйл явдал романсгүй бол нэг л дутуу санагддаг шүү дээ. Тийм ч учраас клубын бартендер Жек болон Алигийн дурлалын түүхээр үйл явдал улам баяжина.
     Энэ бүх түүх хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантралгүй, шаргуу тэмцэх юм бол биелэх өдөр ирнэ гэдгийг харуулжээ. Өрөөндөө дуулж, толины өмнө ганцаар бүжиглэж залхсан тэр охин өөрийгөө нээж, олныг алмайруулахыг мөрөөдөн барны тек түшин зогсдог. Улмаар өөртөө итгэлтэй байдал, хөдөлгөөн бүрийг алдалгүй тогтоож, гудамжинд алхахдаа ч олны дунд ганцаар бүжих түүний цуцашгүй хөдөлмөр амжилтынх нь суурь болдог билээ.
    "Burlesque"-г үзээд Алигийн дүрийг харахад Кристинагийн төрхтэй ижил ч юм шиг мэдрэмж төрсөн. Анх "Genie in a bottle", "Come on over" дуугаараа гарч ирэхдээ Кристина Агилера яг л тийм шаргал үст, бяцхан төрхтэй охин байсан. Харин тод улаан уруулын будаг, ягаан даашинз, Louis Vuitton-ий гоёмсог гуталтай Али Рөүз, "Bionic"-ийн дуунуудад гардаг төрхийг нь санагдуулам. Тессийн дүрийг бүтээсэн Шер ч мөн адил. Леди Гага, Опра Уинфри тэр ч бүү хэл Мерил Стрип ч түүнийг үлгэр дуурайл болгож ирснээ дурьдсан байдаг. Яг л үүн шиг тэр "Burlesque"-д авъяаслаг, хэзээ ч бууж өгөхгүй, хүчирхэг эмэгтэйг амьдруулжээ. Үүний илрэл гэлтэй түүний "You Haven't Seen The Last Of Me" дуу нь "Алтан бөмбөрцөг" наадмын шилдэг киноны дуу төрөлд нэр дэвшээд буй. Мөн Кристинагийн дуулсан "Bound To You" ч энэ төрөлд өрсөлдөж байгаа.
   Туршлагатай дуучдын чадварлаг хоолой, барууны ертөнцийнхний гаршсан шоу үзүүлбэрээр энэ кино хөнгөхөн шиг "босоод" иржээ. "Burlesque" клубт үзэгчдийг зочлуулаад уйдаагаагүй нь үнэн. Гэхдээ дээрх дуучдыг ашиглаад үүнээс илүү зохиолоор, бүр ч ихийг харуулах боломжтой гэж бодож байна. "Оскар", "Алтан бөмбөрцөг", "Канн"-ийн кино наадмын шагнал гээд Шерт бүгд бий. Тэр үүнээс илүүг үзүүлж чадна. Кристина ч багаасаа "Микки Маус" клубт байсан түүхийг нь бид мэднэ. Тиймээс дараачийн удаад үзэгчид бүр илүүг хүлээх болов уу.

  P.S: Нэг зүйлийг тэмдэглэхгүй бол бас л болохгүй нь. "Өргөө" кино театр орчуулгын алдаа цөөнгүй гаргасныг урьд нь дурьдаж байсан. Энэ кинон дээр ч, "Hey, sweetie" гэснийг "Алив, амттан минь" гэж орчуулаад Iowa (Айова) мужийн нэрний I үсгийг Л болгоод "Лова", Sean (Шон) гэх нэрийг Син гэж бичсэн харагдсан. Жижиг зүйл мэт боловч анхааралтай байх нь зүйтэй санагдсан.

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

4 comments:

  1. Өнөөдөр "Алтан бөмбөрцөг"-ийн шилдгүүд шалгарлаа. Шер "You Haven't Seen The Last Of Me" уран бүтээлээр "Шилдэг киноны дуу" төрөлд тэргүүлжээ. :-)

    ReplyDelete
  2. "Burlesque" худалдагдах гээд, бүх зүйл нь бүтэлгүйтэх тэр үед, Шер тайзан дээрээ ганцаараа "Би сөхөрсөн байж болно, Би цөрөхсөн байж болно Гэхдээ бүх зүйлийг сайхан болгож чадах болно" нэг тиймэрхүү утгатай дуу дуулсан нь хамгийн их сэтгэл хөдөлгөсөн хэсэг байсан. Эмэгтэй хүний шаргуу зүтгэл, уран нарийн ухаан, тэмцэгч зан чараныг тодруулан гаргаж Эмэгтэйчүүдийг цөхрөхгүй, шантрахгүй нугарахгүйгээр зорилгодоо хүрэхэд уриалсан кино санагдсан. Таалагдсан

    ReplyDelete
  3. Тийм ээ. Тэр чинь л энэ шагнал авсан дуу шүү дээ. :-)

    ReplyDelete
  4. neeree ter orchuulga haaya bas evgui shu. ih mundag bicheh yuma amjilt :)

    ReplyDelete