Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

"Mongolia's Best Dance Crew" шоу



By  Khulan Jugder     11:31 AM    Labels:, 
            Энэ долоо хоногоос эхлэн өнгөрсөн зун, намрын турш үзэгч, залуусыг хүлээлгэсэн “Mondolia’s Best Dance Crew уралдаант нэвтрүүлэг МҮОНТ-ээр цацагдаж эхэллээ. “Street Dance буюу чөлөөт, гудамжны гэгдэх бүжгийн төрлийг олон нийтэд таниулах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, хүүхэд залуусын урлаг соёлын мэдрэмжийг дээшлүүлэх зорилготой энэ нэвтрүүлэг нийт 36 дугаар гарах аж.
            Уг нэвтрүүлэг нэрнээсээ эхлээд америкийн “
America’s Best Dance Crew уралдааны монгол хувилбар болох нь тодорхой. Гэхдээ нэг гэрт хэрэлдэж, маргах үр бүтээлгүй залуус, гадаад гоо сайхныг дөвийлгөн, сурталчлах мисс охидын реалити шоунаас илүүтэй хүүхэд, залуусын авьяас, чадварыг сорьж, эвсэг, хөдөлмөрч байдалд нэгтгэн уриалах нь монголын телевизийн шоу нэвтрүүлгүүдэд нэгэн шинэ хандлагыг гаргаж байна. Түүнчлэн сүүлийн үед телевиз бүр өөрийн нэрийн хуудас болсон шилдэг дуучдыг шалгаруулах “Universe Best Songs”, шилдэг хөгжимчин, уран бүтээлчдийг тодоруулах “Coke’n Beat”, амьд хөгжмийн “Monsters гээд олон төрлийн нэвтрүүлэг хийх болсон. Тэгвэл МҮОНТ ч энэ өрсөлдөөнөөс хоцролгүй, үзэгчдийн анхаарлыг татахаар шинийг эрэлхийлсэн нь сайн хэрэг.

            “
America’s Best Dance Crew” шоуг “Америкийн шүтээн” нэвтрүүлэгт шүүгчээр оролцож, олны танил болсон продьюссер Рэнди Жэксон зохион байгуулдаг билээ. Харин шилдэг бүжгийн хамтлагийг шалгаруулахаар хип хоп дуучин төдийгүй шаггүй бүжигчин Лил Мама, “N’SYNC” хамтлагийн дуучин Жей Си болон R&B дуучин Омэрион нар шүүдэг. Харин монголын шилдэг бүжгийн хамтлагийг шалгаруулахаар “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараа, бүжигчин Т.Төгсөө, С.Гэрэлтуяа нар ажиллаж буй. Дуучин С.Амарааг үзэгч, сонсогчид нь удам дамжсан бүжигчин гэр бүлээс гаралтайг андахгүй. Монголд реп бүжгийг дэлгэрүүлэхэд түүний оролцоо их байсантай маргах хүн ч үгүй. Бүжигчин Т.Төгсөөгийн хувьд ҮДБЭЧ-ийн гоцлол бүжигчин байсан төдийгүй, АНУ-д 10 гаруй жил мэргэжлээрээ ажилласан билээ. Одоо “Сарны чулуу” чуулгын бүжиг дэглээч тэрбээр өнгөрсөн онд хийлч Ч.Дэлгэрцэцэг, ая зохиогч С.Сансаргэрэлтэх нартай хамтран орчин үеийн бүжгийн уран бүтээл туурвих болсноо зарлаж байсныг уншигч та санаж байгаа байх. Шүүгч С.Гэрэлтуяа Хөгжим бүжгийн коллежийг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд ХБНГУ-д орчин үеийн бүжгийн багшаар ажиллаж байжээ. Мэргэжлийн, ур чадвар өндөртэй төдийгүй орчин үеийн шинэлэг, сэтгэлгээтэй хүмүүсийг нэвтрүүлгийн шүүгчээр ажиллуулсан нь оновчтой болжээ. Гурван шүүгч ч өөр, өөрийн онцлогтой бөгөөд С.Амараа оролцогчдод илүүтэйгээр урам хайрлаж, Т.Төгсөө ширүүхэн, хатуухан үнэнийг хэлж, С.Гэрэлтуяа эмэгтэй хүний нарийн мэдрэмжээр чамбай шүүлт хийн, бүжигчдийн алдаа дутагдлыг хэлж, ойлгуулах нь сонирхолтой.
            Нэвтрүүлгийг үзэхэд шоуг унагаж буй нэг зүйл нь тайзны хөтлөгч Б.Төгсбат байлаа. Тайзан дээр танхимд байгаа үзэгчид, эрч хүчээр дүүрэн бүжигчин залуусыг холбох ёстой тэрбээр хэтэрхий үлбэгэр, сул дорой харагдана. Түүнчлэн ярианы баялаггүй, хэлэх гэснээ бөөрөнхийлж орхихын дээр хамтлагуудын нэрийг буруу дуудах зэргээг олон алдаа гаргаж байв. Мөн тайз, дэлгэцийн шоу нэвтрүүлэгт тохиромжгүй хэт энгийн, өдөр тутмын загвараар хувцасласан нь харамсалтай. Ер нь түүний оронд үзэгчдийг хөгжөөж, оролцогчидтой харилцах үүргийг шүүгч С.Амараа гүйцэтгэж байна гэхэд хилсдэхгүй. Цугласан олныг уриалан алга ташуулж, сайхан залууст охидын хашгираанаар бэлэг барин ам нээх бүртээ нэвтрүүлгийг сонирхолтой болгож байгаа түүнд талархах нь зүйтэй.
            Монголын шилдэг бүжигчдийн тайзыг тун боломжийн зассан харагдсан. Эхний шалгаруулалтыг “АСА” циркт зохион байгуулсан бөгөөд, дугуй тайз, эргэн тойрны гэрлийг харахад мөн л америкийн “төрөлх” шоутай ижил хэмжээнд хийхээр хичээсэн нь мэдрэгдэнэ. Оролцогчид ч урлагийн тайзаа хүндэтгэн ижил хувцасаар жигдэрч, эрч хүчтэй залуусын давалгаа цоглог хэмнэлтэй, өнгөлөг байлаа.
            Бүжигчдийн үзүүлбэрийг толилуулахдаа орчны чимээг дарж, аяыг наана өгсөн нь үзэгчдэд шоу нэвтрүүлэг үзэж буй сэтгэгдэл төрүүлэхээргүй болгожээ. Бүжгийн ая нь гэртээ дэлгэцээр үзэхэд наалдацгүй, танхим дүүрэн үзэгчдийн шуугиан, алга ташилтыг сонсохгүй байснаар хичнээн сайхан бүжиг үзлээ ч тухайн орчны уур амьсгалыг мэдэрч чадахгүй тул өөрийн эрхгүй сэтгэл хөдлөх мэдрэмжийг амтагдуулж чадсангүй. Мөн зураг авалтын хувьд гурван талд камер байгаа хэдий ч, бүжигчид гоцлох үед арын хэсгийг харуулах, онцгой үзүүлбэрийн үеэр гэнэт танхим дахь үзэгчдийн дүрс гарах зэргээр алдаа гаргаж байв.
            Шоуны саундтрак буюу албан ёсны дууг “
Vanquish хамтлаг “Let’s Dance нэртэйгээр дуулжээ. Дууны үг нь нэвтрүүлгийн агуулгатай нийцэх бөгөөд дүрсжүүлэхдээ оролцогчдын бүжгийн хэсгээс оруулсан нь залуусын дунд хит болоод байгаа. Цаашлаад www.bestdance.mn нэртэй нэвтрүүлгийн албан ёсны цахим хуудсыг нээснээр мэдээлэл, технологийн эринд хүссэн хүн бүр сонирхсон бүхнээ мэдэх боломжоор хангажээ. Нээгдээд багагүй хугацаа өнгөрч буй уг сайт одоогоор 17 мянга гаруй хандалттай болсон бөгөөд нэвтрүүлгийн тухай, уран бүтээлчид, оролцогчдын талаар бүрэн дүүрэн мэдээллийг багтаажээ. Загвар, дэглэлтийн хувьд ч агуулгатай тохирсон бөгөөд хялбар уншигдахуйцаар шийджээ.
            Ийнхүү 3 сая төгрөгийн шагналын эзнийг тодруулах өрсөлдөөн ширүүхэн явагдаж, анхны “Монголын шилдэг бүжгийн хамтлаг” шалгарах болно. Ялагчид мөнгөн шагналаас гадна хамтлагаараа “Диснейлэнд”-ээр аялж, клип хийлгэх эрхтэй болно. Хүүхэд, залуусын хүсэл сонирхлыг дэмжин, урамшуулж нийгэмд тэдний талаар эерэг ойлголтыг төрүүлэн, үзэгчдэд зөвөөр таниулж байгаад нь баярламаар. Мөн уралдааны шилдэг оролцогчид “Дош” кинонд тоглох эрхтэй болох юм билээ. Гаднын орнуудад ч шилдэг хамтлагууд бүжгийн кинонд тоглох нь бий. Тухайлбал, бидний сайн мэдэх “
Step Up кинонд америкийн шоуны ялагч “JabbaWockeeZ” хамтлаг, “Street Dance кинонд “Авьяаслаг Британичууд” шоуны шилдэгүүд болох “Diversity, “Flawless хамтлаг тоглосон. Хэдийгээр “Дош” киноны талаар хангалттай мэдээлэл үгүй ч, магадгүй “Сүүлчийн бүжиг”-ээс өөр бүжигт кино үгүй манай дэлгэцийн бүтээлд шилдэг залуусын тоглосон нэгэн шинэ кино нэмэгдэхийг үгүйсгэхгүй.
            Харин одоогоор үзэгчдийг зугаацуулах, танин мэдүүлэх үүргийнхээ хүрээнд бусад шоуг бодвол харьцангуй чанартай, үзүүштэй уран бүтээл толилуулж буй МҮОНТ-ийн “Монголын шилдэг бүжгийн хамтлаг” шоуны цаашдын дугаарыг алдалгүй үзэж, дуртай хамтлагаа дэмжин суух л үлдлээ. Та ч бас чаддаг бол дагаад “бүжээрэй”
!

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

No comments:

Post a Comment