Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

"Би блогт дурлачихжээ"



By  Khulan Jugder     5:45 AM    Labels:,, 
    Одоогоос 10 гаруй жилийн өмнө цахим ертөнцөд нэгэн шинэ ойлголт бий болсон нь өдгөө миний бас бидний дурлаад буй блог билээ. Энд хүмүүс өдрийн тэмдэглэл хөтөлж, сэтгүүлчид бүтээлээ нийтлэн, залуус үзэл бодол, мэдлэг мэдээллээ хуваалцах гээд олон хэлбэрээр ашиглаж буй. Чухамдаа, хүмүүс блогоор дамжуулан олон нийттэй санаа бодлоо хуваалцаж, эргэн ярилцах нь хамгийн гол зүйл болов уу. Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд идэвхтэй блог хөтлөгчдийн тоо эрс нэмэгдэж байгаа.
   Манай залуус ч мөн энэ шинэ ололтоос хоцролгүй кино, урлаг, техник, технологи тэр ч бүү хэл шинжлэх ухааны сэдэвт блог хөтлөөд багагүй хугацаа өнгөрч байна. Цахим орчинд олон нийтийн сүлжээ хуудсууд болох блог төдийгүй facebook, twitter /микроблог/-ээр дамжин бидний кибер ертөнц өргөжин, тэлж мэдээлэл хүлээн авах, түгээх үйл явц ч түргэсэж байгаа нь хурд, мэдээлэл шаардсан орчин үеийн нийгэмд зайлшгүй чухал зүйл юм.
  Энэ байдлыг анзаарч, блогийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, шилдэг блогчдыг шалгаруулах зорилгоор The New Media Marketing Agency-гаас зохион байгуулж буй "Монгол Блогчид 2010" үйл ажиллагаа тун зүйтэй санагдлаа. Энэ нь хувь хүмүүст ашиг тустайгаас гадна иргэний сэтгүүл зүйн шинэлэг, хүчтэй хэлбэр болохын хувьд мэдээллийн технологийн салбарт ч тустай алхам билээ. Дэлхийн хэмжээнд олны анхаарлыг татсан Ираны сонгуулийн явцад тус улсын зүгээс гадаад ертөнцтэй харилцах холбоогоо тасалсан. Харин энэ үед микроблог хэрэглэгчид болж буй үйл явдлыг түргэн шуурхай мэдээлж байсан нь түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал болсон. Түүнчлэн бизнесийн салбарт ч хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ блогийг анзаарч ажиллах нь чухал байдаг. Тухайлбал, блог хөтлөгчдийн 34% нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар санал, сэтгэгдлээ нийтэлдэг гэсэн судалгааны дүн бий.
   Харин блогийн ач холбогдолд сөрөг байрнаас хандагчид блогчдыг эх хэлээ үгүй хийж байна гэж зэмлэн, буруутгах нь их. Миний бодлоор, ихэвчлэн өдрийн тэмдэглэл эсвэл чөлөөт хэлбэрээр хувийн блог хөтлөгчид "ярианы" хэлээр бичдэг нь ийм ойлголт төрүүлдэг байх. Харин мэргэжлийн, олон нийтэд хандсан блогчид зөв бичгийн дүрмээ баримталж, бичгийн хэлээр гайхалтай сайн бичдэгт нь бахархдаг. Нөгөө талаас бусад хэлэнд ч бичгийн энгийн буюу албан бус харилцаанд үг товчлох, ярианы хэлбэрээр бичих зэрэг нь байдгийг санууштай.
   Түүнчлэн блогчид интернэтийн соёлтой хэрэглээнд хамгаас илүү үлгэр дууриал болдог мэт. Учир нь цахим хуудсууд дахь мэдээллэлд үлдээсэн сэтгэгдлийг уншвал хэн нэгнийг доромжлон, гутаасан өнгө аястай сөрөг сэтгэгдэл дийлэнх хувийг эзэлдэг. Харин блогчид үзэл, бодлоо чөлөөтэй солилцож, санал сэтгэгдлээ боловсон илэрхийлж, анд нөхөд бололцдог нь таатай.
   Иймд би байгаагаа мэдэрч бодож, сэтгэх бүртээ компьютерийн товчлуураа товшин, дэлгэцээ ширтдэг болсон минь дурлалаас өөр юу байх билээ. Надтай адил блогт дурласан зуу, зуун андууддаа хэлэхэд мэдлэг, мэдээллээ хуваалцаж, үзэл бодлоороо шинэ санаа, урам зориг хайрладагт тань баярлалаа.

"Монголын Блогчид 2010" дээр уулзацгаая

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

6 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Бидний үйл ажиллагааг дэмжиж байгаад баярлалаа. Мөн анги хамт олноороо ирээдэүйд гарах шторкд оролцсонд чин сэтгэлээсээ баярлалаа. Амжилт!

    ReplyDelete
  3. Баярлалаа. Та бүхний ажил, үйлст ч амжилт хүсье!

    ReplyDelete
  4. Баярлалаа. Нийтлэл чинь их таалагдлаа. Танай ангийхан Монгол блогчид 2010 ёслолын үйл ажиллагааг дэмжсэнд баяртай байна. Цоглог байсан шүү. Блогоо илүү сайн бичиж сэтгүүл зүйн салбарт цахиур хагална гэдэгт итгэлтэй байна. Амжилт. Ялалтын талбарт хамт шүү

    ReplyDelete
  5. монголын блогчид маш олон болтугай :)

    ReplyDelete