Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Нийгмийн рекламны тухай



By  Khulan Jugder     4:33 AM    Labels:,, 

    Энэ бол Америкийн телевизээр цацдаг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийгмийн реклам. Энд 1980-аад Сурталчилгааны зөвлөл гэх байгууллагын захиалгаар телевизүүд нийгмийн рекламыг үнэ, төлбөргүй цацаж эхэлжээ. Мөн аливаа телевизийн үйл ажиллагааны дүрэмд ингэж олон нийтэд нийгмийн реклам түгээхийг шаарджээ. Америкийн нийгэмд тулгамдсан асуудал нь аюулгүй байдал болон эрүүл мэндийн асуудал тул нийгмийн рекламны зонхилох хувийг энэ төрлийн сурталчилгаа эзэлдэг аж. Тиймдээ ч, “Найзыгаа согтуугаар машин барихыг бүү зөвшөөр” гэсэн бичиг бар, клубын үүдэнд олон бий. 
            Энэ төрлийн рекламыг энгийн үзэгч олонд хүргэхийн тулд, тэдний анхаарлыг татахын тулд тухайн цаг үеийн хамгийн алдартай хүмүүсийг нийгмийн рекламанд тоглуулдаг. Өнгөрсөн онд л гэхэд Холливудын халуухан бүсгүйчүүлийн нэг Меган Фокс, Анжелина Жоли нар хүүхдийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхахын эсрэг тууштай тэмцэв. Ингэснээр ард нийгмийн гишүүдийн оюун санаанд нөлөөлөх төдийгүй, тухайн жүжигчний нэр хүнд ч өсдөг давуу талтай. Харин манай оронд нийгмийн рекламд олны танил бүү хэл, мэргэжлийн жүжигчин эсвэл олон нийтэд сэтгэгдэл төрүүлэхүйц жүжиглэлттэй хүн харагдах нь ховор. Ядаж олон нийтийн телевизээр нийгмийн реклам цацаж, түүнд нь тус телевизийн уран бүтээлчид тоглож байвал зүгээр сэн. Нарийн судалвал, манай улсын хуульд зааснаар ОНТ-ийн хөтлөгч, уран бүтээлчид сурталчилгаанд тоглож болохгүй. Харин нийгмийн шинж чанартай сурталчилгаанд тоглож болно гэж заасан байдаг юм билээ. Гэтэл Ичинхорлоо, Чимгээ, Г.Бадамсамбуу, Ёолк гээд МҮОНТ-ийн урдаа барьдаг сайчуул бизнесийн байгууллагын рекламд тоглосон нь орой бүр цэнхэр дэлгэцээр хөвөрнө. Тэд миний, таны мөнгөөр цалинждаг хэрнээ бидний найз, үр хүүхдийн сайн сайхны төлөө “дүрээ харуулахаас” татгалзаж, чамин, сайхан үгээр бараа, бүтээгдэхүүн сурталчилдагт нь итгэж болох эсэхийг хэлж мэдэхгүй нь. МҮОНТ-ийн телевизээр нийгмийн реклам харагдах нь цөөн. Харин хуулиар хориглосон нөгөөх л ашиг, хонжоо харсан рекламыг ил, далд хэлбэрээр ичиж, зоволгүй цацчихдаг. Гэтэл Австрали, Англи, Германы олон нийтийн телевизэд эфирийн цагийн тодорхой хувийг нийгмийн оюун санааг хөгжүүлэх, сэтгэлгээг өөрчлөх рекламд зарцуулна гэж заажээ. Тэд ч энэ үүргээ ухамсарлан, биелүүлдгээрээ толгой цохино.
            Хэдхэн хоногийн өмнө “Замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё” гэсэн реклам хараад сайшаан, магтахын зуургүй араас нь “Бенц” машины лого харагдав. Миний бодлоор, энэ нийгмийн реклам биш тухайн компанийн нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх хэлбэр гэж бодож байна. Учир нь энэ сурталчилгааны эцсийн зорилго нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүний талаар эерэг сэтгэгдэл төрүүлэх, мэдээж ашиг, орлогоо нэмэгдүүлэх. Харин нийгмийн рекламны зорилго нь аливаа бизнес, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлахгүй, ашиг хонжоо харалгүй олон нийтийн оюун санаанд нөлөөлөх байдаг аж. Иймд “Алсын хараатай амьдарцгаая” гэсэн “нөхөрсөг” сурталчилгаа бүр нийгмийн реклам болохгүй.
            Тэгвэл Улаанбаатар хотын гудамжинд автомашины зам дагуу “Хүүхдээ арын суудалд суулгаарай” гэсэн сурталчилгааны самбар харагдах болоод удлаа. ЗЦГ-аас эл рекламыг байрлуулсан нь сайшаалтай. Монголчууд бид машины урд талын суудалд бага насны хүүхэдтэйгээ хамт сууснаар, аюул осолд өртөх нь их. Ядаж л өвөр дээр суусан хүүхэд толь халхлан, жолоочид хүндрэл учруулдаг. Энэ байдлыг өөрчлөхөөр дээрх самбарыг хийжээ. Дэлхийн бусад оронд ч зам дагуу энэ төрлийн самбар элбэг таарна. Жолоо барихдаа зүүрмэглэхгүй, утсаар ярихгүй байхыг сануулсан байдгийг та санаж байгаа байх.
            Зохиомжийн хувьд манайд бараа, бүтээгдэхүүний болон нийгмийн сурталчилгаа аль аль нь тааруу гэхэд хилсдэхгүй. Телевизийн, сэтгүүлийн, гаднах сурталчилгаа бүгд “ядруу” өнгө, аястай. Наанадаж тамхины эсрэг сурталчилгаанд харахаас эвгүйцэм элдэв төрлийн зураг байдаг. Гэхдээ тамхичин хүн үүнийг үүл тоон, утаа баагиулсаар л байдаг. Учир нь, түүний таньж мэдэх, ойр дотнын хэн нь ч тамхи татсанаар ийм байдалд хүрсэн удаагүй. Хэзээ ч билээ. Харин барууны оронд тамхины хайрцган дээр хүүхдийн хоосон тэрэг түрсэн эмэгтэй, олон зоосон мөнгө нийлээд илүү хэмжээний цаасан дэвсгэрт болсон зураг бий. Энэ нь хэт хол хөндий үр дүнгээс илүү, хүний өдөр тутмын амьдралд ойр тул ухамсарт нь илүү нөлөөлдөг. Дашрамд дурдахад, дөрвөн жилийн өмнө Европын холбооны орнуудад тамхины эсрэг хайрцган дээрх сурталчилгаа тухайн хайрцагны 40%-иас багагүй зайд байрлах ёстойг хуульчилжээ.


      /Нийгмийн рекламны тухай олсон мэдээллээ ашиглан бичлээ. Танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, өөр санал байвал сэтгэгдэл үлдээж хуваалцаарай. 
Баярлалаа. /

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

10 comments:

  1. Маш зөв бичсэн байна. Нийгмийн оюун санаанд чиглэсэн реклам маш их үгүйлэгдэж байна. Энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд маш сайн анхаарах шаардлагатай байгаа. Бид бас энэ талаар чадах чинээгээрээ ажиллахаар төлөвлөж байгаа. Санаа шийдэл байвал хуваалцаарай.

    Амжилт

    ReplyDelete
  2. Энд би бас өөрийнхөө дуртай нэг бичлэгийг хуваалцлаа. http://quikz.posterous.com/31588021

    ReplyDelete
  3. Гоё бичлэг байна. Үнэн шүү гэсэн сэтгэгдэл төрөв. Хуваалцсанд баярлалаа.

    ReplyDelete
  4. Гоё нийтлэл болж санал нэг байна

    ReplyDelete
  5. Нийгмийн оюун санаа гэснээс иргэдийн зан үйлийг өөрчлөх, төлөвшүүлэх гэж бичвэл арай дөхөм байх гэж би бодож байна. Энд хэлсэн зүйлс яг үнэн. Харин нэг л зүйл дутагдаад байна. Нөгөө Олон нийтийн хэвлэл мэдээллийн, ялангуяа МҮОНТ болон Радиогийн бүдүүн гахайнуудын зан үйлийг өөрчлөх мессеж алга.Тэд ажилладаг, тэндээс талхны мөнгөө олж байгаа эдгээр хүмүүс сэтгүүл зүй энэ тэрдээ сайн л байх, гэхдээ харилцааны хэлбэрээр буюу ТВ-ээр, эсвэл радиогоор хүмүүст эерэгээр нөлөөлж, сайн зан үйлийг хэвшүүлэх чадвар бүү хэл тийм idea ч алга. Дандаа ялхайсан авгай нар, эсвэл тэтгэвэртээ гарсан өвгөд, эмгэд Монголын ганц олон нийтийн мэдээллийг хэрэгслийг зохион байгуулж байна. Эд нар ер нь google ээр ганц үг өгүүлбэр хайх чадваргүй гэхэд мөрийцсөн ч алдахгүй.

    ReplyDelete
  6. Аанхаа, би тэр үгийг сонгохдоо онолын тодорхойлолтонд хэт баригдсан байна.
    Мөн МҮОНТВ-ийн уран бүтээлчид нэг талаар хоцрогдсон байж мэднэ. Гэхдээ 43 жил тэд монголын телевизийн салбарт аливаа уран бүтээлийн чанарын хувьд үлгэр, жишээ болж ирснийг үгүйсгэж болохгүй байх.
    Бас нэг зүйл нь одоогийн захирал Ц.Оюундарь олон нийтийн сүлжээ сайтыг идэвхтэй ашиглаж, үзэгч бидэнтэй холбоо тогтоох болсон. Тиймээс "дарга хамт олны жолооч" байдагтай адил цаашид МҮОНТВ-ийн уран бүтээлчид орчин үетэйгээ хөл нийлүүлэхдээ анхаарах байлгүй дээ.

    ReplyDelete
  7. Гоё нийтлэл байна. Гоё ч бичих юмаа. Баярлалаа!

    ReplyDelete
  8. Олигтой сайн нийгмийн сурталчилгаа байх үндэсгүй. Хэдийгээр Олон нийтийн радио телевизийн хуулиар хуулиар МҮОНРТ-ээр нийгмийн сурталчилгааг үнэгүй цацах ёстой. Гэтэл бидний амьдралд "хөдөлбөл хөлс, зогсвол зоос" гэх зарчим үйлчилж байгаа тул радио ТВ-гийн дарга нар үнэтэй эфирийн цагаасаа хуваалцах сонирхолгүй суугаа. Дээрээс нь реклам бэлдэх мөнгө хөрөнгө хэрэгтэй, тэрнийг нь хаанаас хэн гаргах нь тодорхойгүй. Уг нь спонсор Мянганы Сорилтын сан, эсвэл Эрүүл мэндийн яамнаас ивээн тэгээд нийгмийн сурталчилгааны уралдаан зохион байгуулаад, шалгарсан бүтээлийг МҮОНРТ, бусад ТВ-гээр үнэгүй цацуулах ёстой. Завтай бол зохион байгуулаад үзээч... сайндаа л нэг сарын менежмент хийх ажил

    ReplyDelete