Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

"Сарны алхаа" тэнгэрийн зүг...



By  Khulan Jugder     12:03 AM     

"This is it" киног үзээд сэтгэл хөдлөв. "Ах"-ыг таалал төгсөхөд ийн бичиж байлаа.

Майкл Жексон. Бидний аав ээжийн үед түүний дууг сонсдоггүй хүн “хүн” биш гэх нь холгүй байсан тухай дурсдаг. Харин одоо Майклыг мэдэхгүй хүнийг бас л “хүн” биш гэх дөхдөг. Тавин нэгэн жилийн өмнө эгэл ажилчин Катерина болон Жозеф Уолтер Жексоны гэр бүлд бяцхан хүү мэндэлж дуу хадаасан нь хожим дэлхий нийтийн чих тавин сонсох гайхамшигт хоолой байсан юм.

Аавынхаа хатуу чанга гар дор өссөн Майкл багаасаа л урлагт дуртай байжээ. Сургууль дээрээ төдийгүй найз нөхдийнхөө дунд үргэлж дуулж, бүжиглэн “Зул сарын баяр”-ын тоглолтод оролцдог байв. Харин 1964 онд ах Жеки, Тито, Мэрлон, Жермейн нарын хамт “Жексоны ахан дүүс” хамтлагаа байгуулснаар 11 настайдаа урлагийн ертөнцөд жинхэнэ ёсоор хөл тавьсан юм. Эхэн үедээ Майкл хамтлагт зөвхөн хөгжим тоглох төдий л үүрэгтэй байв. Гэвч удалгүй Жермейнтэй хамт хамтлагийн гоцлол дуучин болж хамтлагийн нэр ч “Жексон-5” болжээ.

1966 онд ахан дүүс “Motown” нэртэй орон нутгийн уралдаанд оролцов. Хөгжмийн R&B, Soul урсгалын эцэг гэгддэг алдарт дуучин Жеймс Брауны “I Got You” дууг Майкл гоцлон дуулснаар тэд уралдаанд тэргүүлэв. Цаашлаад “Motown” дуу бичлэгийн студитэй хамтран ажиллах болж “I want you back”, “ABC”, “The Love You Save”, “I’ll Be There” зэрэг хит дуугаа гарган Их Британийн “Billboard” жагсаалтад дээд амжилтуудыг тогтоох болжээ. Мөн “Rolling Stones” сэтгүүл түүний тухай нийтлэх болж “Майкл хэдий бяцхан хүүхдийн гонгиносон хоолойтой ч, тайзан дээр алдарт Стиви Уэндор, Рей Чарльз, Жеймс Браунаас дутахааргүй биеэ авч явдаг” хэмээн дүгнэсэн байдаг.

Майкл ганцаарчилсан уран бүтээлээ 1972 оноос туурвиж эхэлжээ. Хамтлагийнхаа бүх дууны үгийг бичдэг байсан түүний “Beat it”, “Billie Jean”, “Scream” дуу MTV хөгжмийн сувгаар цацагдаж африк-америк гаралтай өнгөт арьст залуу дэлхий нийтийг шуугиулах болов. Түүнчлэн дууныхаа клипний бүжгийг өөрөө дэглэж робот болон алдарт “сарны алхаа” нэртэй хөдөлгөөнийг нь залуус дуурайн бүжих болжээ. Тэрбээр 1983 оны гуравдугаар сарын 25-нд “Motown 25: Yesterday, Today, Forever” нэртэй тоглолтонд “Billie Jean” дуугаа дуулж, алдарт бүжгийн хөдөлгөөнөө хийснийг 47 сая хүн үзэв.

Тэр цагаас хойш хөгжим судлаачид Майклыг Элвис Пресли болон Ливерпулын дөрвөл “Битлз”-тэй харьцуулах болсон юм. Үүнээс зургаан жилийн дараа АНУ-ын шилдэг уран бүтээлчийг шалгаруулах ёслолын үеэр нэрт жүжигчин Элизабет Тейлор түүнийг “Попын хаан” хэмээн зарласан нь Майклын хамгаас эрхэм алдар билээ.

Тэрбээр уран бүтээлээ туурвихын зэрэгцээ буяны ажилд ихэд оролцдог байв. 1984 онд түүний эл үйлийг тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган ихэд үнэлэн Цагаан ордонд урьж шагнал гардуулсан удаатай. Түүнчлэн энэ зууны эхэнд Майкл Жексоныг “Хамгийн их буяны ажил хийсэн алдартан”-аар “Гиннес”-ийн номонд мөнхөлжээ. Хүн төрөлхтний түүхэн дэх дээд амжилтыг бүртгэдэг эл номонд Майкл “Бүх цаг үеийн хамгийн алдартай эрэгтэй дуучин” гэдгээрээ ч багтсан. Мөн 35 дахь “Грэмми”-ийн шагнал гардуулах ёсолоос “Амьд домог” шагналыг “өвөрлөсөн” юм.

Майкл 1993 онд “Опра Уинфригийн телевизийн нэвтрүүлэгт оролцож бага насныхаа тухай дэлгэрэнгүй ярьсан байдаг. Эцгийнхээ чанга хатуу дэглэмд өссөн тэрбээр “Аав бүсээ барьж сандал дээр суугаад л хүүхдүүдээ хардаг байлаа. Биднийг аливаа зүйлийг зөв хийхгүй л бол уйлуулна гэдэг байсан” хэмээжээ. Түүний энэ ярилцлагыг Америк даяар 90 сая гаруй хүн үзсэн бөгөөд телевизийн түүхэнд хамгийн олон хүн үзсэн спортын бус нэвтрүүлэгт тооцогддог.

Харин Майкл хувийн амьдралынхаа талаар тэр бүр ярьдаггүй байжээ. Гэвч “Рок-н-роллын алдрын танхим”-д хоёронтоо нэрээ сийлсэн түүний амьдрал олны нүднээс далд байна гэж үгүй. Тэрбээр алдарт Элвис Преслийн охин Лиза Мэри Преслитэй 1995 онд хуримлажээ. Олон жилийн турш бие биенээ мэддэг байсан ч хоёр жилийн өмнөөс л утсаар харилцах болсон тэд гэрлэх шийдвэрээ ч харилцуурын цаанаас гаргаж байв.

Лиза “Майкл над руу утасдаад хэрвээ би чамайг надтай гэрлээч гэвэл чи зөвшөөрөх үү гэж асуусан” хэмээн дурссан байдаг. Гэвч тэдний гэрлэлт хоёр жилийн л настай байв. Удалгүй “History” хос цомгоороо сонсогчдыг байлдан дагуулж байсан тэрбээр сувилагч бүсгүй Дебора Жеан Роутай гэрлэжээ. Тэд Майкл Жозеф, Парис Майкл Катерина Жексон нэртэй хүү, охинтой болсон ч мөн л богино хугацааны дараа хоёр тийш болов. Гэхдээ Майкл гэрлэж байсан бүсгүйчүүлтэйгээ дотно найз хэвээр үлддэг байжээ.

“Попын хаан” Майкл Жексон 21 настайдаа бүжгийн бэлтгэл хийхдээ санамсаргүй хамраа хугалснаас хойш дөрвөн удаа биедээ мэс хүргэсэн. Үүнээс төрөлхийн хар арьсаа цагаан өнгөтэй болгосон нь хэн бүхний анхаарлыг татаж байв. Түүнийг нэгэн жарныг элээж чадаагүйд нь тэрхүү олон удаагийн хагалгаа нөлөөлсөн байх гэж судлаачид дүгнэж буй. Юутай ч ирэх сараас Англид тоглолтоо хийхээр шаргуу бэлдэж байсан тэрбээр зуурдаар нас барж олон хүний сэтгэлд гуниг төрүүлэв. Түүний ах Жермейн пүрэв гаригийн шөнө Лос Анжелес хотноо орон нутгийн цагаар хоёр цаг 26 минутад “Майкл Жексон таалал төгслөө” гэсэн мэдэгдлийг хийсэн юм.

Төд удалгүй Майклын мянга мянган шүтэн бишрэгчид эмнэлэг, гудамж талбайд цуглан эмгэнэн гашуудаж эхэлжээ. Долоо настай бяцхан жаал гэрийнх нь үүдэнд цэцэг өргөж буй болон далан настай өвөө хөргийг нь барин алхаж яваа зургийг интернэт хуудсуудад байрлуулжээ. Мөн түүний байгуулсан “Neverland Ranch” хүрээлэнгийн орчимд ч хөл хөдөлгөөн ихтэй буй. Хэ­зээд хүүхдээрээ байдаг үлгэрийн баатар Питер Пэний диваажинг байгуулсан тэрбээр “Би сэтгэлдээ өөрийгөө Питер Пэн гэж төсөөлдөг” хэмээсэн удаатай. Харин одоо тэрбээр тэрхүү үлгэрийн ертөнцдөө тайван амгалан нойрсох буй за.

“Би зургаан настайгаасаа хойш урлагийн ертөнцөд өөрийн чадлаар хүчин зүтгэж явна. Харин хүмүүс надад санаатайгаар муу зүйл хийж, зүрхийг минь шархлуулах гэдэг. Гэвч миний ертөнцөд надад хайртай гэр бүл минь, хэзээд намайг дэмждэг шүтэн бишрэгчид минь бий” -Майкл Жексон /”USA Today” сонин, 2007 он/

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

No comments:

Post a Comment